Байгаль эх сэрэмжлүүлэхийг хүлээдэггүй
Баянзүрх дүүргийн XXI хороо, 2016.02.16. 15.30 цаг
Цас ахиу орж, хүйтний эрч ч нэлээд чангарсан хүндхэн өвөл арай гэж өнгөрлөө. Гэсэн ч цаг хараахан наашлаагүй, нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон, 20 аймгийн 90 сум цагаан зудтай хэвээр хавартай золгоод байна.
Энэ цагийн нэг том аюул нь шар усны үер. Ялангуяа нутгийн ихэнх хэсэг цасаар хучигдсан одоогийн нөхцөлд аюул бүр ч их. Өвлийг яаж ийгээд давчихвал “гэгээ тусна” гэсэн олон нийтийн хүлээлтийн үзүүрт шар усны үер “уяатай” байж мэдэх нь.
Өнгөрсөн зун ган болж, зарим газар малын хамар хатгах өвсгүй байхад айлчилчихсан өвөл одоо хаварт үер үлдээж болзошгүй гэсэн үг. Холбогдох байгууллагууд жил бүрийн хавар л шар усны үерээс сэрэмжлэх талаар олон
нийтэд зөвлөгөө, мэдээлэл өгдөг. Харин энэ жилийн “кампанит” ажил хараахан эхлээгүй юм байна. Цас хайлахын өмнөхөн “Шар усны үерээс сэрэмжлүүлэхийг анхааруулъя” гэж сануулж эхэлдэг гэнэ.
Тэр цаг нь гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхэн үе тул “Одоохондоо энэ талаар ярихад эрт” гэж албаны хүмүүс хэлж байна лээ. Угтаа бол зудаасаа бүрэн салаагүй, шийдвэрлэх асуудал ч олон байгаа учир энэ талаар ярихад эрт байгааг дуулгаж байсан юм.
Гэтэл сүүлийн өдрүүдэд цаг агаар нэлээд дулаарч, өнөөх их цас хайлж ч мэдэхээр нөхцөл байдал үүссэн. Энэ маягаар цаашид хэдхэн өдөр дулаарахад л сэрэмжлүүлэг хүлээлгүйгээр, их цас хормын дотор урсчих гээд л байх шиг.
Цаг агаарын мэдээллээр бол агаарын температур одоохондоо хэт дулаарахгүйгээр, олон жилийн дунджийн орчим байх юм гэсэн. Гэхдээ өнгөрсөн зун гэнэт халж, өвөл хэт хүйтэрчихсэн шиг нэг л өдөр дулаарчихвал өнөөх их цас чинь гэнэт хайлж, бид барьц алдахад хүрвэл яах вэ. Хайлах л ёстой юм чинь. Үнэнийг хэлэхэд үүнээс өөр өөдтэй хувилбар алга л байна.
Дарга нар үерийн гамшиг тохиолдож болзошгүй нөхцөлд амьдарч буй айлуудыг “Нүүлгэн шилжүүлэх учиртай” гэдэг ч өдий хүртэл ингэж ярьснаас илүү, дорвитой арга хэмжээ авч чадаагүй нь үнэн билээ.Хавар болохоор л “Үерийн аманд буусан айлуудыг нүүлгэн шилжүүллээ. Нүүлгэх шаардлага хүргүүллээ” гэсэн албаныхан шаардлага, мэдэгдэл гардаг ч түүнийг нь тоож, авч хэлэлцэх айл цөөхөн болов уу.
Хүн ам олноор суурьшсан суурин газруудад шар усны үерийн гамшиг нүүрлэбэл хэн хохирох бол. Наад зах нь улсын маань хамгийн олон хүнийг “агуулдаг” Улаанбаатар хотод маань үер буувал уснаас хамгаалах барилга, байгууламжууд нь байгалийн гэнэтийн шалгалтад амжилттай дүн авч чадах бил үү.
Орон нутгийн иргэд нийслэл рүү хошуурч буйгаас үүдэлтэйгээр хот өдрөөс өдөрт өргөжиж, ялангуяа гэр хороолол хүрээ тэлж, үерийн хамгаалалтгүй, гуу жалга бараадах болсон нь гамшигт өртөх эрсдэлтэй, айл өрх, эд хөрөнгийн тоог жилээс жилд нэмсээр буй.
Ийм нөхцөлд амьдарч буй бид гамшиг тохиолдох нөхцөлтэй тулгарахаас өмнө бэлэн байх нь л чухал. Тэр л бидний гол үүрэг. Гэвч бид бэлэн байж чадах л байгаа даа.
Ч.МӨНХЗУЛ
Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү http://mongolnews.mn/1sqr