Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Сэлэнгэ, Ховд, Хөсвгөл аймгийн нутгийн зарим хэсгээр цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -9-14 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -4-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсгээр +5+10, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +11+16 градус дулаан, бусад нутгаар +2-3 градус байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с. Өдөртөө 0+2 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-ний өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 12-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 14-ний өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 11-ний өдөр тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -25-30 градус, өдөртөө -14-19 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -20-25 градус, өдөртөө -9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6-11 градус хүйтэн, өдөртөө -2+3 градус, бусад нутгаар шөнөдөө -12-17 градус, өдөртөө -3-8 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн “Рашаантын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 147 км-т, сумын төвөөс хойд зүгт 5 км-т/11.09-ний өдрийн 03:40 цагийн орчим гэр шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 09:00 цагт хүлээн авсан.Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход малчин М-ын 5 ханатай гэр, эд хогшил шатаж дууссан байсан тухай мэдээллийг Хушаат сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн “Хээтэй хороолол”-ын 45 дугаар байр өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.09-ний өдрийн 13:15 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход 0.3 га талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.  

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 14 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.09-ний өдрийн 16:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.          

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.09-ний өдрийн 21:02 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 8х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 02:29 цагт хүлээн авсан.Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байгууллагын хашаанд хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 42 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 04:05 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 9х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 1 дүгээр давхарт хөргөгч шатаж байсныг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Бодь цамхаг”-ийн автомашины зогсоол суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 05:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ш-ийн “BMW-730” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Өндрөөс унах: Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн “Хатуу хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 6 км-т, сумын төвөөс урд зүгт 19 км-т/11.08-ны өдрийн 10:00 цагийн орчим малчин Э хавцал руу гарсан ямаагаа буулгах гэж хад руу авирч гараад буцаад бууж чадахгүй байна гэсэн дуудлагыг 11.09-ний өдрийн 15:38 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын, Эрэн хайх аврах ангийн алба хаагчдыг очиход тус сумын харьяат малчин Э /53 настай, эрэгтэй/ 80 орчим метрийн өндөртэй хадан хавцал руу гарсан 7 ямаагаа буулгах гэж гараад буцаад буух боломжгүй байсныг 42 минут ажиллан эсэн мэнд буулгаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Цасанд суусан: Увс аймгийн Давст сумын Хандгайт багийн “Зүүн харганы дэл” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 110 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т/4 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.09-ний өдрийн 22:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Зүүн харганы дэл” гэдэг газраас Давст сумын чиглэлд зорчиж явсан иргэн Ц-ийн “Пробокс” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 13 минут ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top