Отроор яваа малчдад зөвлөн туслах, иргэд хооронд буруу ойлголцол үүсэхээс урьдчилан сэргийлэхийг удирдлагуудад үүрэг болгов

40D9FF71-8F06-4191-A552-F8CB96AAE429.jpeg

Улсын онцгой комиссын өвөлжилтийн бэлтгэл хангах Ажлын хэсэг өнөөдөр цахимаар хуралдлаа.
Хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, отор нүүдэлтэй холбоотой хөдөлгөөн зохицуулалтын талаар хэлэлцсэн юм. Энэ жил улсын хэмжээнд нийт 188.6 мянган малчин өрхөд 71.2 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарчээ. Мөн нийт 21.8 мянган өрхийн 9.5 сая мал отроор өвөлжиж, хаваржихаар байна.

Орон нутгийнхны зүгээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг холбогдох тогтоол шийдвэрийн дагуу зохион байгуулж байгаагаа дуулгаад отор нүүдлийн хөдөлгөөн нэмэгдсэний улмаас бэлчээрийн даац хэтрэх зэрэг асуудал байгааг онцоллоо.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар зөвхөн өнөөдөр яриагүй. Зун, намраас эхлэн Засгийн газар, Улсын онцгой комисс, салбарын яамнаас бодлогын түвшинд анхаарч, тогтоол шийдвэр гарган, үүрэг даалгавар өгч ирсэн. Энэ бүхэн аймаг, сум, орон нутгийн түвшинд хангалттай хэрэгжихгүй байна. Өвөлжилт хүндрэх нь тодорхой нөхцөлд ажиллаж байж, аюулгүйн нөөц бүрдүүлэлт хангалтгүй байна” гэлээ.
Мөн отор нүүдэл хийж буй иргэдийг хөөж туудаг, хүлээж авахгүй гэдэг асуудал байх ёсгүй. Отор нүүдэл, бэлчээртэй холбоотой авлига, дарамт шахалтыг таслан зогсоох хэрэгтэйг онцлоод “Өвөлжилтийн бэлтгэл ажил бол дан ганц малчин өрхийн асуудал биш, улсын эдийн засгийн суурь асуудал юм. Иймд нэн тэргүүнд өвөл, хаврыг хамтын хүчээр өнтэй даван туулах нь чухал байна. Тиймээс аймгийн удирдлагууд цаасан дээр биш бодит нөхцөл байдалдаа орж ажиллах, бүртгэл мэдээлэл, гэрээ хэлцлийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Иймд аймаг, орон нутгууд уялдаа холбоогоо сайжруулж, сум, багийн удирдлага малчидтайгаа ойр ажиллаж, мэдээлэл зөвлөмжөөр хангах хэрэгтэй. Отроор дамжин өнгөрч буй малчдад зөвлөн тусалж, иргэд хоорондын буруу ойлголцол үүсэхээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй” хэмээсэн юм.

Тухайлбал, Засгийн газрын 2019 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан “Мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, тээвэр, тууврын замд саатуулж, хорио цээрийн хяналтад авах журам”-ын талаар малчдад мэдээлэл өгөх, хяналт тавих, малчин айл өрхүүд хүнс тэжээлийн хомсдол, дутагдалд орохоос урьдчилан сэргийлэх, цаашлаад өвөлжилт хүндрэх үед иргэдэд эрүүл мэндийн тусламж, нийгмийн хамгааллын үйлчилгээг тасралтгүй үзүүлэх талаар төлөвлөлт, зохион байгуулалттай ажиллахыг үүрэг болголоо.

scroll to top