Т.Эрдэнэ-Очир: Би, бид зөв байвал ирээдүй гэрэлтэй байна

IMG_20220119_180024-1.jpg

Спортоор хүмүүжиж, амжилтаараа Онцгой байдлын албанд ажиллах санал авч, гал сөнөөгчөөс салбарын дарга хүртэл өсөн дэвжиж, үүрэг гүйцэтгэж байгаа дэслэгч Төмөрбаатарын Эрдэнэ-Очирыг “Аврагчийн хөрөг” булан энэ удаад онцоллоо. Тэрбээр Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын захирагчаар ажиллаж байна. 

-Аливаа зүйл өөр, өөрийн хувь тохиолтой. Таны энэ албатай холбогдсон холбоос спортоос эхлэлтэй юм байна?

 2013 онд тухайн үеийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Т.Энхбаатартай спорт зааланд таарч, бүсийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл хийлгэх саналыг авч байснаар ажлын гараа маань эхэлсэн. Түүнээс хойш 9 жилийн хугацаанд Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангид гал сөнөөгч, нярав, Эрэн хайх аврах бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагчаар ажиллаж байгаад 2022 оноос захирагчийн албан тушаалыг хашиж байна. Ажиллах хугацаандаа гал унтраах техникийн олон төрөлт спортоор хичээллэн 2015 оны бүсийн аварга шалгаруулах тэмцээний байлдааны тархалтын төрөлт дэд байр, 2019 оны бүсийн аваргын тэмцээний довтолгооны шатны төрөлд 15:60 амжилтаар, саадтай 100 метрийн төрөлд 18:10 амжилтаар тус тус мөнгөн медаль хүртэж байсан.  Цаашид баг тамичрдынхаа хамтаар  бэлтгэл сургуулилтаа сайн хийж, амжилтаа ахиулах, шинэ залуу алба хаагчдаа сургаж, дадлагажуулах зорилготой ажиллаж байна.  

– Таны амжилт, мөрөөдлийн нэг хэсэг нь спорт гэж тодорхойлж болохоор юм?

Спорт бол хүмүүжилд маш сайнаар нөлөөлдөг. Нөгөө талаар бие, бялдраа хөгжүүлэх, үеийн залуустайгаа өөрийгөө сорих, танилын хүрээгээ тэлэх гээд маш олон боломжуудыг олгож байдаг онцлогтой. Арван жилийн сурагч байхдаа  хөнгөн атлетик, сагсан бөмбөгийн спортоор түлхүү хичээллэж, аймгийн болоод улсын томоохон тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож ирсэн.  Анхны багш маань ерөнхий боловсролын I  сургуулийн биеийн тамирын багш,  ширээний теннисний спортын дэд мастер Д.Чулуунбат гэж хүн байлаа. Хөнгөн атлетикийн спортын төрлөөр өсвөрийн болон насан хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилтай оролцож 33 удаа медальт байрт шалгарсан. Мөн сагсан бөмбөгийн спортоор өсвөрийн аймгийн аварга, өсвөрийн улсын аварга, идэрчүүдийн аварга, насанд хүрэгчдийн аварга, оюутны лиг, Монголын бүх ард түмний спартакиадын 12, 13,14,15 дугаар их наадамд Өвөрхангай аймгаа төлөөлөн оролцож байсан. 2012 оны оюутны лигийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, 2013 оны мөнгө, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 2014, 2015 оны тусгай байр, 2012 оны бүх ард түмний спортын наадмаас мөнгөн медалийг хүртэж байсан амжилттай.

-Багшийн эрдэм шавьд гэдгийн үлгэрээр таныг ирээдүйн шавь нараа бэлтгэдэг гэж сонссон…?

– Миний багш ОУХМ Шинэнгийн Сэдбазар гэж хүн бий. Багшийнхаа итгэл, найдварыг хэзээ ч алдахгүй гэсэн зорилго өвөртөлж, үйл хэргийг нь үргэлжүүлэхээр ажиллаж байгаа. Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны шүүгчээр 6 жил ажилласан. Оюутан байхдаа улсын чанартай тэмцээн, уралдаан болон дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд шүүгчээр ажиллаж байх хугацаанд Монголын улсын шилдэг шүүгч ард түмнээ “Жажа” нэрээр танигдсан Д.Энхсайхан ахаасаа их зүйл сурсан. Тухайн үед хамтарч ажиллаж байсан Үндэсний сагсан бөмбөгийн холбооны хамт олноос мөн суралцаж, туршлагажсан. 2016 онд улсын шүүгчийн цол зэргээ авч байлаа. Их сургуулиа төгсөөд аймагтаа сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх зорилго тавин 2014 оноос “Гэгээн хангай клуб”-ийн өсвөр үеийн сагсан бөмбөгийн секцээ эхлүүлж, хүүхэд багачуудтай ажиллаж байна. Анхны шавь нар маань их сургуулиа төгсөж байгаа. Сүүлийн хоёр жил коронавируст цар тахлын улмаас завсардсан сургалтуудаа энэ жилээс эрчимтэй хичээллүүлж байна. Шавь нарын маань хамгийн бага нь 8 настай. Том нь 15 настай.  2023 оны 11 насны улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцох зорилготойгоор шавь нараа бэлдэж  байна. Цаг, наргүй их ажлын хажуугаар хүсэл, мөрөөдлийг минь ойлгож, дэмжиж ирсэн үе, үеийн удирдлагуудаа маш их баярладаг.

– Зорилгоо зөв тодорхойлж түүнийгээ “ургуулах” нь чухал юм байна гэдгийг таны амжилтаас харж байна?

Манай гэр бүлийн хүрээлэлд цэргийн хүн байдаггүй. Эхлүүлсэн бол эцсийнх нь үр дүнг хүртэж, хоёргүй сэтгэлээр ажиллах, сурч боловсорч, өөрийн хийж чадах бүхнээ зориулах их тэмүүлэлтэй. МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуулийг сагсан бөмбөгийн багш дасгалжуулагч мэргэжлээр 2013 онд, ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийг Онцгой байдал гамшгаас хамгаалах алба мэргэжлээр  2022 онд төгссөн.

-Аймаг, орон нутгийн онцлогоос шалтгаалаад үүрэг гүйцэтгэх дуудлага бүр онцлогтой..?

Өвөрхангай аймгийн хувьд говь, хангай, тал хээр хосолсон байгалийн тогтоцтой учир бүх төрлийн дуудлага, мэдээлэл ирдэг. Хавар, намартаа ой, хээрийн түймэр, зундаа үер, усны дуудлага, өвөлдөө цасан шуурга, зам даваа хаагдаж боогдсон, төөрсөн дуудлага,  баруун бүсийг холбосон төв замтай учир авто ослын дуудлага ихтэй. Анх ажилд ороод 2014 оны долдугаар сарын 05-нд барилгын материал ачсан ачааны автомашин шатаж байсан дуудлагаар томилгоот ээлжинд 3 номерын үүрэг гүйцэтгэж байсан. Түүнээс хойш гал түймэр, аврах ажиллагааны 40 орчим дуудлагаар ажилласан байна.

-Удирдан чиглүүлэх, үлгэрлэн манлайлах үүргийг гүйцэтгэж байна. Ачаалал гэхээс илүүтэй хариуцлага нэмэгджээ..?

Миний хувьд жижиг зүйлд ч маш их ач холбогдол өгдөг. Хамт олонтойгоо үүрэг гүйцэтгэж байсан дуудлагууд, оролцож байсан тэмцээн, уралдаанууд гээд тухайн үеийн мөч, дурсамж бүртээ хайртай. Спортоор дамжуулан өөрийнхөө чадах зүйлийг хамт олондоо зааж сургаад, түүнийгээ бодитоор харуулж байдагт нь урамшиж баярлаж явдаг.  Илүү их хичээх итгэлийг олж авдаг. Өөрийн биеэр бусдадаа үлгэрлэж, сэтгэл санаагаар дэмждэг. Хүн бүрийн туулж байгаа амьдрал өөр, өөр шүү дээ. Тийм болохоор алба хаагч нартайгаа биечлэн уулзаж, санаа бодлын чөлөөтэй сонсож, харилцан ярилцана. Алба хаагчдынхаа тууштай ажиллах хүсэл тэмүүлэл, сэдлийг зөв эхлүүлэх нь чухал гэж боддог.

-Энхийг дэмжих ажиллагаанд оролцоод ирсэн хүн бүрийн сэтгэл бахархлаар дүүрсэн байдаг. Таны хэлдгээр жижиг зүйлд хүртэл маш их ач холбогдол өгдөг гэж аврагчид маань хуучилдаг. Илүүтэйгээр хүн байх ёстой гэдэг бичигдээгүй дүрмийг өөртөө зохиодог ч юм шиг…?

Эх орноороо, хайртай бүхнээрээ, хамт олноороо гээд бахархах, омогших, өөрийгөө буруутгах маш олон сэтгэлийн илэрхийллийг бий болгож өгдөг. Миний хувьд 2016-2017 онд Монгол Улсын цэргийн багийн VI ээлжээр Өмнөд Судан улсад мотобуудлагын III ротын II  салааны I тасагт буудагчаар үүрэг гүйцэтгээд ирсэн. Байгаа бүхэндээ талархаж, заяасан хувь тохиолоо сайхнаар үргэлжлүүлж, үр хүүхдээ эрүүл саруул, хайраар дүүрэн өсгөх хэрэгтэй гэдгийг илүүтэйгээр ухаарсан.

-Тийм шүү. Томчууд бидний толь үр хүүхэд. Ирээдүйг нь гэгээлэг сайхнаар бүтээх зорилго байгаа учраас зөв байхын төлөө өдөр бүр л хичээдэг байх?

Амьдралаас хүртэж болох хамгийн том шагнал нь гэр бүл. Би, бид зөв байвал ирээдүй гэрэлтэй байна шүү дээ. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Хоёр охин, нэг хүүтэй.  Миний ханийг Г.Оюунжаргал гэдэг. Санхүүгийн байгууллагад ажилладаг.  Гэр бүлтэйгээ аль болох хамт байхыг хичээж төрөл бүрийн хоол хийж, “дайлах” дуртай.

-Хараад байхад их даруухан юм. Аав, ээжийн өвлүүлсэн хүмүүжил байх?

Монгол улсын төв цэг буюу Өвөрхангай аймгийн Бүрд сумын Онгон гэдэг газар 1991 онд Ш.Төмөрбаатарын том хүү болж мэндэлсэн. Аав минь хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад Өвөрхангай аймгийн Усан спорт сургалтын төвд жижүүр хийж байна. Ээжийг маань Р.Оюунчимэг гэдэг. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад тогооч хийж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан. Эхээс хоёулаа. Нэг дүүтэй. Аав, ээж маань дүү бид хоёрыг юугаар ч дутаагаагүй зөв хүн болгон хүмүүжүүлсэн. Хүсэл мөрөөдөл, сонирхлыг минь их дэмждэг. Сурагч байхдаа их л цэвэрч, даруухан хүүхэд байсан. Дунд ангид ороод спортоор хичээллэж хөдөлгөөнтэй болсон.

-Залуу удирдагчийн хувьд манлайллыг хэрхэн бий болгодог вэ?

Өөрийнхөө үг, үйлдлээр л харуулахыг хичээдэг.   Өөрөө өөртөө үнэнч зөвлөгч байж, дотоод хүнтэйгээ ярилцаж, өөрийгөө чиглүүлдэг. Үе, үеийн хамт ажиллаж байсан туршлагатай дарга нар, аврагч ах нараасаа үлгэр дууриалал  авна. Энэ дашрамд мөрдэс нэгт, үйлс нэгт нөхдөдөө эрүүл энх, амжилтын дээдийг хүсэн ерөөе. Мөн Онцгой байдлын газрынхаа удирдлага, хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлмээр байна.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

scroll to top