НОБГ-ын СХД-ийн Онцгой байдлын хэлтсээс ИТХ-ын дэргэдэх Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлтэй хамтран зохион байгуулсан “Ээлтэй-ирээдүй” нөлөөллийн аяны талаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа А.Алтансүхээс зарим зүйлийг тодрууллаа.
-Аяныг өрнүүлэх болсон шалтгаан, нөхцөл болоод хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар яриагаа эхлүүлье?
Дүүргийн хэмжээнд он гарсаар эхний найман сарын байдлаар 2076 хүн осол, гэмтэлд өртөснөөс 635 буюу 30,6 хувь нь 0-18 насны хүүхэд байна гэсэн судалгаа гарсан. Амьдарч, сурч байгаа орчны аюултай хүчин зүйлийн нөлөөнөөс үүдэлтэйгээр ийнхүү хүүхдүүд эрсдэж, амь насаа алдах хүртэл аюулыг дагуулж байна. Тиймээс хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, оролцох эрхийг хангуулах, дуу хоолойг сонсох, амьдрах аюулгүй орчныг бүрдүүлэн, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Ээлтэй ирээдүй” нөлөөллийн аяныг хоёр сарын хугацаанд зохион байгууллаа. Аян үндсэн дөрвөн хэсэгтэй. Нэгт, сургууль, цэцэрлэг, гудамж талбайд иргэдэд аюул учруулахуйц эрсдэлт хүчин зүйлүүдийг тодорхойлох нэгдсэн судалгааг хийж, зөрчлийг илрүүлэн эзэн холбогдогчийг тодорхойлж, арилгуулах талаар заавар, зөвлөмж өгч, хэрэгжилтийг хангуулсан. Хоёрт, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бүх шатны боловсрол эзэмшүүлэх байгууллагуудад орчны аюулгүй байдлыг хангуулах нэгдсэн хяналт шалгалт, сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа. Гуравт, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль бүрт “Өсвөрийн аврагч” бүлэг байгуулж, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг хийж, гамшгаас хамгаалах анхан шатны мэдлэг олголоо. Дөрөвт, хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, оролцох эрхийг хангуулах, дуу хоолойг сонсох зорилгоор ерөнхий боловсролын дунд болон ахлах ангийн сурагчдын дунд “Оролцоотой хүүхэд” сэдэвт 1000 хүүхдийн чуулга уулзалтыг зохион байгуулсан.
– Анх удаагаа хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийгдсэн цогц арга хэмжээ боллоо гэж харж байна. Аян дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлж чадсан уу?
Бид хүүхдэд ээлтэй аюулгүй орчныг бүрдүүлэх, хүүхдэд хүүхдээр дамжуулан мэдлэг олгох, гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх зорилтоо хэрэгжүүлж чадсан. Дээрх үйл ажиллагаанаас онцолвол, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг боловсролын байгууллагууд, нийтийн эзэмшлийн гудамж, зам, хүүхдийн тоглоомын талбайд нэгдсэн хяналт, шалгалтыг холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд хамтран зохион байгуулсан. Нийт 181 боловсролын байгууллага, дүүргийн 43 хороодыг хамруулж, хүүхдийн амь нас, эрүүл мэндэд шууд болон дам аюул учруулахуйц 4562 хүчин зүйлийг илрүүлэн, 893 зөрчлийг арилгуулаад байна. Илэрсэн зөрчил бүрт холбогдох байгууллагууд нь албан шаардлага мэдэгдлийг хүргүүлж, арилгуулах тал дээр хяналт тавьж ажиллаж байна. Мөн хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан 16 байгууллагыг “Хүүхдэд ээлтэй” байгууллагаар өргөмжилсөн. Энэ нь бусдад үлгэр дууриалал болох, жишиг, санаа, санаачлагыг түгээх, харилцан туршлага судлах, хамтран ажиллах том боломж гэж харж байгаа.
– Зорилт, зорилгоо биелүүлж, төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлсэн байна. Цаашид анхаарч ажиллах арга хэмжээний талаар сонирхвол?
Байгууллагуудын хамтарсан хяналт шалгалтын үр дүнгээс харахад хэд, хэдэн авч хэрэгжүүлэх, сайжруулах асуудлууд гарч ирсэн. Байгууллага бүр “Хүүхэд хамгаалах баг”-тай болох, хүүхдийн тоглоомын талбайн эвдрэл гэмтлийг засах, гадна болон дотор орчны хяналтын камержуулалтыг сайжруулах, сургууль, цэцэрлэгийн орчинд авто замын тэмдэг, тэмдэглэгээг хийх, хурд сааруулагчийг нэмэгдүүлэх, траншейн тагжуулах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлэгийг нь дээшлүүлэхэд анхаарах шаардлагатай байна. Мөн барилга байгууламжид байх зөөврийн гал унтраагуур стандартын дагуу байршуулах, гамшиг, ослын аврах зам, гарц, шатны тавцан, давхрын хонгил чөлөөлөх зэрэг арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Хяналт, шалгалтын үр дүнд дүүргийн хэмжээнд 39 ширхэг траншейн онгорхой болон зориулалтын таггүй хүүхэд унаж, бэртэх аюултай нөхцөл байдал үүссэн байсныг аюулгүй болгох, тагжуулах ажлыг зохион байгуулж байна. “Ээлтэй ирээдүй” аян 2023 онд сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан нөлөөллийн ажлуудаар үргэлжилнэ. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд хандсан сургалт, тэмцээн, орчны аюулгүй байдлыг хангуулах зорилгоор эцэг, эхчүүдэд гамшгийн үеийн хүүхэд хамгааллын талаар мэдлэг олгох цогц арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Эх сурвалж: Онцгой мэдээ сонин