Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нийт нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Завхан голын эхээр -12…-17 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5…+10 градус дулаан, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -19…-21 градус, бусад хэсгээр -13…-15 градус хүйтэн, өдөртөө 0…+2 градус дулаан байна.

Төлөв байдал: 16-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -24…29 градус, өдөртөө -11…-16 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -3…-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус дулаан байна. 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

2.Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Залуучууд” зочид буудлын гадна хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 20:09 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 12:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ийн 7×7 метрийн хэмжээтэй байшин, 6×7 метрийн хэмжээтэй гарааш тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Баянмөнх хорооллын 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 22:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчдын очиход иргэн О-ын 5х12 метрийн хэмжээтэй байшингийн 4х5 метрийн хэмжээтэй гал тогооны өрөө, эд зүйлс шатаж байсныг унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн “Ботгоны хавцал” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүүн урд зүгт 120 км, сумын төвөөс зүүн зүгт 55 км/-т ачааны замын хажуу руу унаж автомашины бүхээгт 2 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 11.14-ний өдрийн 19:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Баян-Өлгий аймгаас Баянхонгор аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан ”Норд Бенз” загварын ачааны автомашин автозамын хажуу руу унаж жолооч А /51 настай, эрэгтэй/, зорчигч Ш /44 настай, эрэгтэй/ нар автомашины бүхээгт хавчуулагдаж нас барсан байсныг 1 цаг ажиллаж цогцсыг гарган, аймгийн тээврийн Цагдаагийн тасгийн даргаар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top