Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас харьяа хэлтэс, анги, салбар нэгжийн үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалтыг энэ сарын 1-13-ны өдрүүдэд зохион байгуулж, бие бүрэлдэхүүний нэгдсэн шуурхай хуралдаанаар шалгалтын тайлан, дүн мэдээг танилцууллаа.
Ажлын хэсэг алба хаагчдын хувийн бэлтгэл, ажлын цаг ашиглалт, сахилга хариуцлага, удирдлагын бичиг баримт хөтлөлт, гал түймэр унтраах үндсэн болон шуурхай албаны автомашинуудын техник хэрэгслийн ашиглалт, засвар үйлчилгээ, амьсгалын бие даасан төхөөрөмжийн ашиглалт зэрэг бэлтгэл, бэлэн байдлыг шалган, заавар зөвлөмж өгч ажилласан юм.
Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах шалгалтын ололт амжилтыг тодотгож, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, цаашид дотоод үйл ажиллагааг хууль дүрэм, ажлын байрны тодорхойлтод заагдсан чиг үүргийн дагуу хэрэгжүүлэх талаар үүрэг чиглэл өглөө.
Мөн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө бие бүрэлдэхүүний сургалт, мэргэжил арга зүй, ёс зүй, сахилга хариуцлага, дотоод үйл ажиллагааг сайжруулах үйл ажиллагааг төлөвлөж, тусгахаа танилцуулж, бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүслээ гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.