Б.Анхбаяр: Хувь хүний сэтгэл зүйн байдлыг мэдэрдэг байх нь энэ албаны удирдах ажилтан бүрийн үүрэг

viber_image_2022-11-15_16-51-51-468-1.jpg

Онцгой байдлын алба онцгой хүмүүсийг бэлтгэдэг. Тэдний нэгнийх нь тухай би энд өгүүлэхээр зориглосон нь энэ.

Арван жилийн сургуулиа дөнгөж төгссөн хүү Гал унтраах ангид гал сөнөөгчөөр ажиллаж эхэлсэн нь өнөөгийн Онцгой байдлын албаны удирдагчдын нэг болох замыг өөртөө нээжээ. Түүнийг Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Анхбаяр гэнэ.

Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрж өссөн тэрбээр хүүхэд ахуйдаа доктор С.Өлзийбаяр багшийнхаа заадаг газар зүйн хичээлийг сонирхон судалдаг байсан ч гал сөнөөгчөөр ажиллаж эхэлснээс хойш энэхүү сонирхолоо хойш тавьж, аварна, хамгаална гэсэн уриатай, амиа үл хайрлах тангарагтай энэ л албандаа хичээн зүтгэсээр хэдийн 25 жил болжээ.

Цагдаагийн академийг эрх зүйч, галын албаны мэргэжлээр, Онцгой байдлын байгууллага дотооддоо дээд боловсролтой боловсон хүчин бэлдэж эхэлсний хоёр дахь төгсөгчдийн нэг болон төгсчээ.

Улмаар Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангид салааны захирагч, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахлах байцаагч зэрэг ажлыг найман жил хийхдээ Онцгой байдлын албаны эд эс болж, ажил мэргэжилдээ эзэн болох ёстойг мэдэрч, энэ салбарын алба хаагчдын эгнээнд эргэлт буцалтгүй нэгджээ.

Харин 2014 онд ОХУ-ын Москва хотын Гал эсэргүүцэх албаны академид элсэн орж,  хоёр жил суралцан төгсөж ирээд, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын орлогч даргаар томилогдсон байна. Хоёр жилийн дараа тус газрынхаа даргаар дэвшин ажилласан бол­­ 2020 оноос хойш өнөөг хүртэл  Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байгаа юм.

Баруун хязгаар нутгийн газар усны онцлог, зүүн аймгаас тэс өөр. Баян-Өлгий аймагт ажиллах хугацаанд нь хээрийн түймэр дөрвөн удаа л гарч байсан бол Сүхбаатар аймагт ирээд, тал нутгийн салхины эрч, өвсний сахлагийг даган эрчимждэг хээрийн түймэртэй олон удаа тулж, аварч хамгаалах үүрэгтээ баг хамт олноо манлайлан ажиллаж байна.

Онцгой байдлын алба онцлогтой. Гамшиг осол гарсан үед авран хамгаалах үүрэг гүйцэтгэхээр явбал сар, түүнээс ч илүү хугацаагаар гэрийн бараа харахгүй байх тохиолдлыг хэдийн тоохоо больжээ.

Сүхбаатар аймагт ирснээс хойш Дарьганга сумын нутаг Шилийн богд орчмоос эхлэн ассан 80 орчим километрийн урт, 40 гаруй километрийн өргөн газар нутгийг хамарсан хээрийн түймэр дээр аврагчдаа удирдлага арга зүйгээр ханган ажиллаж, талын түймрийн догшин галын хүчийг дарсан нь энд ирснээс нь хойш тохиолдсон хамгийн том гал түймрийн аюул байв.

Албаны даргын хувьд алба хаагчдаа сургаж, дадлагажуулах ажлыг тогтмол хийхийн хэрэгцээ байнга гардаг тул Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран усны осол, өндөр барилга байшингаас аврах сургалт дадлагад аврагчдаа хамруулж, дадлагажуулдаг нь гамшгийн үед гарах аливаа эрсдэлээс сэргийлдэг ач холбогдолтой гэж тэрбээр ярьсан.

Мөн тангараг өргөсөн Онцгой байдлын албанд “А”-аас нь эхлээд зүтгэсэн учир шинэ залуу алба хаагчдын ар гэрийнхэнд ажлын онцлогоо ойлгуулахыг хичээдэг. Ялангуяа гэр бүлтэйгээ илүү олон цагийг өнгөрөөх боломжийг нь хангах, хувь хүний сэтгэл зүйн байдлыг мэдэрдэг байх нь энэ албаны удирдлага бүрийн үүрэг гэсэн зарчмыг тэрбээр баримталдаг.

Тийм ч учраас Мэдлээ, гүйцэтгэе…хэмээх цэрэгжсэн байгууллагын алба хаагчдын зарчимч үгний цаана хэн буйг нь, хүн ёсоор анхаарах, ярилцах цагийг зориуд гаргадаг нь хурандаа Б.Анхбаярын давуу чанар. Хэдийгээр эмч, сэтгэл зүйчийн орон тоо байгууллагад байдаг ч аврагчийн сэтгэл зүйг эмчлэх асуудал маш нарийн учир энэ чиглэлийн мэргэжилтнийг чадавхжуулах шаардлагатай байгаа нь анхаарал татсан асуудлуудынх нь нэг.

Тайван цагт аврагчдаар үндсэн үүргийн бус ажил хийлгэх хүсэлтийг тэрбээр огт хүлээж авдаггүй. Тийм журам ч энэ байгууллагад үйлчилдэггүй. Тиймээс энэ төрлийн хүсэлтэд хатуу байр сууриасаа ухардаггүй нэгэн.

Анх энэ албаны хаалгыг татах үед гал сөнөөгчийн нэг берзентэн хувцсыг дөрвөн хүн ээлжилж өмсдөг байсан бол өдгөө Онцгой байдлын алба чадавхжсан. Машин техник, тоног төхөөрөмж, аврагчдын хувцас хэрэглэл, цалин, урамшуулал гээд алба хаагчдын ажиллах нөхцөл боломж эрс сайжирсанд баярлаж явдаг гэлээ. Хэзээ ч, хаана ч үүрэг гүйцэтгэдэг онцлогтой энэ албанд зүтгэж буй залуусаараа бахархдаг.

 Дундрашгүй эрч хүч, зориг тэмүүллээр дүүрэн залуус Онцгой байдлын албыг сонгож ирэхэд нь тэднээр бахархахаас гадна хайрлах нь их. 10 дугаар ангиа төгсөөд л галын албанд анх орж байсан үеийг нь сануулдаг учраас тэр. Албаа нэр төртэй гүйцэтгэж, авран хамгаалах, сэргийлэх ажил бахархууштай. Гэвч бахархуулахаас илүүтэй олон хүнд буян болж, тэсвэр хатуужил суусан, хариуцлагатай иргэдийг төрүүлдэг нь Онцгой байдлын байгууллагын гавьяа билээ.

Энэ албаар дамжин бэлтгэгдсэн энх цагийн  баатрууд олон төрснийг бид мэднэ.  Тэдний нэг эд эс нь Хан Хэнтий нутгаасаа гал сөнөөгчөөр их үйлсийн гараагаа эхэлсэн хурандаа Б.Анхбаяр учраас бид түүнийг ийнхүү онцоллоо.

Өөрийнхөө биш бусдын амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах үйлс нь тэдэнд ямар ч гавьяа шагналаас илүү нэр хүндийг авчирдаг гэлтэй. Хаана, хэнд тусламж хэрэгтэй болсон үед аврагчид бэлэн байдаг болохоор Онцгой байдлын алба онцлогтой хэмээн тэрбээр бахархан ярьсан  юм.

Олон хүний амь насыг аварч, олон зуун сая төгрөгийн эд хөрөнгийг хамгаалсныхаа төлөө зургаа нийтэлдэггүй, гайхуулж  онгирдоггүй тийм л эгэл хүмүүс юм, тэд.

Хүсэл сонирхлоосоо хазайн, Онцгой албаны эрсдэлтэй үүргийг олон жил нэр төртэй гүйцэтгэж буй эрхэм хурандаагийн талаар товчхон өгүүлэхэд ийм буюу.

Эх сурвалж: Онцгой мэдээ

scroll to top