Нийслэлийн Онцгой байдлын газраас алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүй, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, аврах ажиллагааны болон усанд шумбалтын чадвар олгох, мэргэжлийн бэлтгэлийн түвшин тодорхойлох, үүрэг гүйцэтгэх үеийн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг сайжруулах зорилгоор “Мэргэжлийн аврагч-2022” дадлага сургуулийг зохион байгуулж байна.
Дадлага сургуульд Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид бие бялдар, хурд хүч, авхаалж самбаа, мэргэжлийн ур чадвар, усанд сэлэлтийн үе шатанд норматив гүйцэтгэж өрсөлдөнө.
Тодруулбал бүлгийн даргын ажиллагаа, байрзүй, буухиа гүйлт, нурангид дарагдсан нэрвэгдэгчийг аврах, үзэгдэх орчин хязгаарлагдсан өрөөнөөс нэрвэгдэгчийг гаргах, өндөр барилга байгууламжаас нэрвэгдэгчийг буулгах, химийн хорт бодисоос хамгаалах, жолоодлогын ур чадвар, буухиа сэлэлт, гүний шумбалт, гүний уртын шумбалт, осолдсон иргэнд үзүүлэх анхны тусламж зэрэг аврах ажиллагааны үеийн үүрэг гүйцэтгэлтийг багаар хийж гүйцэтгэнэ. Дадлага сургууль ОБЕГ-ын харьяа Үндэсний Аврах бригадын хээрийн сургалтын төвд зохион байгуулагдаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.