Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд тохиолдох гамшиг, аюулт үзэгдлийн тоо нэмэгдэхийн хэрээр түүнээс учрах хохирлын хэмжээ даган нэмэгдэж байгаа нь хүний амь нас, нийгэм эдийн засаг, хүрээлэн буй орчинд нөхөж баршгүй гарз хохирлыг дагуулсаар байна.
Гамшгийн хохирлыг арилгахаас илүүтэй гамшгаас урьдчилан сэргийлж, эрсдэлийг бууруулах, гамшгийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх нь чухал байдаг бөгөөд дээрх үйл ажиллагааг үр дүнтэй авч хэрэгжүүлэхэд санхүүжилтээс гадна хувийн хэвшлийн байгууллагын оролцоо ихээхэн ач холбогдолтой юм.
Иймд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжүүлж буй “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн гамшгийн эрсдэлийн санхүүжилтийг бэхжүүлэх гэсэн гуравдугаар үр дүнгийн хүрээнд “Гамшгийн эрсдэлийн санхүүжилтэд хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Сургалт, хэлэлцүүлэгт хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл оролцож, гамшгийн эрсдэлийн санхүүжилт, эрсдэлийн даатгалд хувийн хэвшлийн оролцоо, олон улсын хэмжээнд ашиглагдаж буй даатгалын хувилбар, түүнийг Монгол Улсад хэрхэн нутагшуулах боломжийн талаар санал солилцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.