Сумын иргэд ажлын байраар хангагдан, үүрэг гүйцэтгэж эхэллээ

047D776A-10B7-49EA-9FBF-A36C8883AB3D.jpeg

Засгийн газрын 2020 оны 163 дугаар тогтоолоор Говь-Алтай аймгийн Цогт суманд  байгуулагдсан Эрэн хайх, аврах бүлэг нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, Говь-Алтай аймгийн Засаг даргын зөвлөх Ш.Насан,  Цогт сумын Засаг дарга Л. Насанбуян, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Л.Баянбаатар болон сум, орон нутгийн удирдлага, иргэд, Онцгой байдлын газрын алба хаагчид оролцсон юм.

 Бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн хэлсэн үгэндээ “Өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж байгаа Эрэн хайх, аврах бүлэг нь өөрийн сум болоод  хил залгаа Бигэр, Эрдэнэ, Халиун, Цээл, Чандмань сум, Баянтоорой тосгоны ард, иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах төрийн үйлчилгээг цаг алдалгүй шуурхай хүргэн ажиллах юм. Цогт сум нь газар нутгийнхаа хэмжээгээр аймагтаа гуравт, хүн амын тоогоороо хоёрт  ордог томоохон сум бөгөөд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог,  цасан болон шороон шуурга, малын гоц халдварт өвчин зонхилон тохиолддог бүс нутаг билээ. Эрэн хайх, аврах бүлгийн байрны асуудлыг шийдвэрлэн, алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Говь-Алтай аймгийн Засаг дарга, аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга болон Цогт  сумын удирдлагууд та бүхэндээ талархал илэрхийлье” гэлээ.

 Эрэн хайх, аврах бүлгийн байрны асуудлыг орон нутгаас буюу сумын Эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг шилжүүлэн өгч, Онцгой байдлын ерөнхий газраас 60 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэн, алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулсан юм.

Мөн тус сумын иргэд  ажлын байраар хангагдан, нутгийхаа иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах төрийн үйлчилгээг хүргэх тангараг өргөж, үүрэг гүйцэтгэж эхэллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top