Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод, Сүхбаатар, Увс аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -14…-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2…-7 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 4-9 м/с, -9…-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал:   21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 22-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 23-нд Алтайн уулархаг нутгаар, 24-нд нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч бага зэрэг суралч, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -12…-17 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -8…-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -4…-9 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 3 дугаар хорооны “Бага наран”-гийн 43 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 08:40 цагт хүлээн авсан. 

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 08:46 цагт очиход иргэн У-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн 1х5 метрийн хэмжээтэй галлагааны өрөө шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 17 дугаар хорооны “Сурагч”-ийн 49 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 11:05 цагт хүлээн авсан. 

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км зам туулан 11:17 цагт очиход иргэн  Х-ын 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

Дорнод аймаг, Баянтүмэн сум. Хотонт багийн “Хотонт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 50 км-т, сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ 11.19-ний өдрийн 11:30 цагт суудлын автомашин  шатсан тухай мэдээллийг хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 50 км зам туулан 14:15 цагт очиход  тус аймгийн Хөлөнбуйр сумаас Баянтүмэн сумын чиглэлд зорчиж явсан иргэн А-ын “Приус-20” загварын суудлын автомашин шатаж дуусан байсан тул иргэн Э/43 настай, эмэгтэй/, А/40 настай, эмэгтэй/ нарыг аймгийн төвд авч ирсэн тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдын газраас 14:00 цагт ОБЕГ-т ирүүлсэн. 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 10 дугаар хороонд Хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 12:07 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 30 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 12:12 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.    

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 18 дугаар хорооны “Задгай”-д Хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 14:20 цагт хүлээн авсан.         

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 14:29 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.  

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 33 дугаар хорооны “Тахилт”-ын 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 20:28 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчид 10 км зам туулан 20:45 цагт очиход иргэн Б-ийн 2х9 метрийн хэмжээтэй чингэлэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймаг, Дархан сум. 7 дугаар багийн “Майхан”-тын 4 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 01:18 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 6.5 км зам туулан 01:28 цагт очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр, 2х2, 2х6 метрийн хэмжээтэй амбаар, хураасан гэр шатаж байсныг 2 цаг 47 минут ажиллаж унтраасан. 

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Төв аймаг, Мөнгөнморьт сум. Байдлаг багийн “Зүүн байдлаг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 20 км-т, Багануур дүүргээс зүүн хойд зүгт 42 км-т/ суудлын автомашинаар зорчиж явсан 2 иргэн сураггүй болсон тухай дуудлагыг 11.18-ны өдрийн 23:30 цагт хүлээн авсан.

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 20 км зам туулан 06:34 цагт очиход Багануур дүүргийн 4 дүгээр хорооны харьяат иргэн Э/31 настай, эмэгтэй/, Ч/21 настай, эрэгтэй/ нар Төв аймгийн Мөнгөнморьт сумаас Багануур дүүргийн чиглэлд “Приус-30” загварын суудлын автомашинтай зорчиж яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Устын булаг” гэдэг газар /Багануур дүүргээс зүүн хойд зүгт 20 км/-аас эсэн мэнд олсон.  

Цас шаварт суусан: Төв аймаг, Мөнгөнморьт сум. Байдлаг багийн “Ухаа” гэдэг газар /Багануур дүүргээс зүүн зүгт 31 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.19-ний өдрийн 11:00 цагт хүлээн авсан.

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 31 км зам туулан 12:10 цагт очиж Төв аймгийн Баяндэлгэр сумаас Багануур дүүргийн чиглэлд 5 зорчигчтой явсан иргэн Э-ийн “Пробокс” загварын суудлын автомашиныг 12:40 цагт цаснаас татан гаргасан.   

Төв аймаг, Мөнгөнморьт сум: Жаргалант багийн “Сөрдөгийн гарам” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 22 км-т/ суудлын автомашин цасанд суусан, шатахуун нь дууссан тухай дуудлагыг 11.19-ний өдрийн 00:20 цагт хүлээн авсан.   

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 66 км зам туулан 07:00 цагт очиход Төв аймгийн Мөнгөнморьт сумаас Улаанбаатар хотын чиглэлд тус бүр 3 зорчигчтой зорчиж явсан нийслэлийн  Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны харьяат иргэн Б-ийн “Прадо-95”, мөн Ц-гийн УАЗ-469 загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 07:00 цагт цаснаас татан гаргасан.   

Төв аймаг, Эрдэнэ сум. Тамган багийн “Мэргэн Тоньюкук хөшөө” гэдэг газар /Налайх дүүргээс зүүн зүгт 13 км-т/ 2 суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.19-ний өдрийн 19:30 цагт хүлээн авсан.  

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 13.5 км зам туулан 21:35 цагт очиход Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багаас Улаанбаатар хотын чиглэлд тус бүр 3 зорчигчтой зорчиж явсан нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Т-ийн “Ланд крузер-200” загварын, мөн иргэн Б-ын “ВКВ” загварын  суудлын автомашин цасанд суусан байсныг 22:15 цагт цаснаас татан гаргасан.    

4. Бусад

Төв аймаг, Баяндэлгэр сум. Байдлаг багийн “Хадан хушуу” гэдэг /сумын төвөөс хойд зүгт 61 км-т/ Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ЯТТ-ын автомашин гэртээ төрсөн хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх гэж явж байгаад цасанд суусан тухай дуудлагыг 11.19-ний өдрийн 13:10 цагт хүлээн авсан.  

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 61 км зам туулан 17:20 цагт очиход Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат иргэн Б/37 настай, эмэгтэй/-нь гэртээ төрсөн байсныг нярай хүүхдийн хамт авчирч дүүргийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top