Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, 18 аймгийн 98 сум “Цагаан зуд”-тай, 20 аймгийн 113 сум “Цагаанаар зудархуу” зэрэглэлд хүрээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан Шадар сайд Ц.Оюунбаатар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн аймаг, орон нутгийн малчдын хувьд бэлэн мөнгөний хомсдолд орсон бөгөөд ялангуяа нэн ядуу өрхөд дулаан хувцас, тэжээллэг хүнс, эм тариа худалдан авахад 4.1 тэрбум, өвс, тэжээл худалдан авахад 2.5 тэрбум, нийт 6.6 тэрбум төгрөг, малын гоц халдварт өвчний тархалт эрс нэмэгдэж, вакцины хомсдол үүсээд байгаа тул вакцин үйлдвэрлэх болон бусад зардалд 1.3 тэрбум төгрөг, малчид, иргэдэд эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээг шуурхай хүргэхэд автомашины хүрэлцээ муу 13 аймаг, нийслэлийн 19 сум, дүүрэгт 39 автомашин худалдан авахад 1.1 тэрбум төгрөг, эдгээр зардалд урьдчилсан байдлаар нийт 9.0 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмж гаргах шаардлага тулгараад байгаа юм.
Түүнчлэн отрын бүс нутагт мал ихээр орсонтой холбоотойгоор бэлчээрийн даац хэтэрч, туурайн зуд болох төлөв ажиглагдаж эхлээд байна.
Тиймээс Засгийн газрын хуралдаанаас улс орны эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед өвөлжилт, хаваржилтыг хохирол багатай даван туулах, цаашид гарч болзошгүй хүндэрлээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын хүмүүнлэгийн тусламжийн байгууллагуудтай хамтран ажиллахыг Шадар сайд Ц.Оюунбаатарт үүрэг болголоо.
Одоогийн байдлаар Монголын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн холбооноос Архангай, Баян-Өлгий, Булган, Завхан, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл зэрэг 8 аймгийн зарим сумын 1800 малчин өрхөд нийт 134 сая төгрөгийг бэлнээр тарааж, 6 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн олгохоор шийдвэрлэн хэрэгжүүлж эхлээд байгаа юм.