Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд эгэл жирийн аврагч, гал сөнөөгчдөө алдаршуулах зорилгоор нийслэл Улаанбаатар хотод нэрэмжит гудамжтай болгох саналыг нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн удирдлагад хүргүүлсэн юм. Улмаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 97 дугаар тогтоолоор Гал сөнөөгчдийн нэрэмжит гудамжтай болж, өнөөдөр нээлтийг хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл болон газар, хэлтэс албадын дарга нар оролцлоо.
Энэхүү гудамж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн дэргэд байрлах Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлаж байна. Тодруулбал, монгол төрийн нэрт зүтгэлтэн Л.Лааганы нэрэмжит гудамжнаас Анкарагийн гудамж хүртлэх гудамжийг ийнхүү Гал сөнөөгчдийн гудамж хэмээн нэрлэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.