Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан “гамшгаас хамгаалах бэлэн байдал, тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
Дэлхийн улс орнууд сүүлийн жилүүдэд гамшигтай тэмцэх бэлэн байдлыг хангах, хор уршгийг арилгах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ зөвхөн төрийн оролцоонд тулгуурлах бус олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр илүүтэй анхаарах болсон.
Түүнчлэн 2022 онд зохион байгуулагдсан дэлхийн VII чуулганаар гамшгийг тэсвэрлэх, даван туулах чадавхыг бэхжүүлэх арга зүй, цаашид баримтлах чиг хандлагыг тодорхойлсон “Балигийн хөтөлбөр”-ийг баталсан.
Уг хөтөлбөрт “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн өнөөгийн бүтэц, тогтолцоо, гамшгийг даван туулах чадавхыг олон нийтэд түшиглэсэн, жендэрийн мэдрэмжтэй, хүний эрхэд суурилсан нийгэмд хүртээмжтэй болгох замаар гамшгийн дараах сэргээн босголтын үйл ажиллагааг илүү үр дүнтэй зохион байгуулах” гэж хэлэлцэн тусгажээ.
Монгол Улсын хувьд ч тохиолдож болзошгүй аюул, ослын сөрөг үр дагаврыг урьдчилан тооцож, хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан, хүрээлэн буй орчин, дэд бүтэц, нийгэм-эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангах зорилгоор авч хэрэгжүүлж байгаа нэгдмэл удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр талууд хамтран уялдаа холбоотой ажиллах шаардлага тулгараад байгаа юм.
Тиймээс тус эрдэм шинжилгээний хурлаар гамшгаас хамгаалах бэлэн байдлын нэгдмэл удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалт, гамшгийг даван туулах чадавхын өнөөгийн байдлыг тодорхойлох, түүнд тулгамдсан асуудлыг дэвшүүлэн гаргах, сайжруулах арга замын шийдлийг хэлэлцсэн юм.
Хуралд гамшиг судлал, гамшгийн эрсдэлийг бууруулах, нийтийг хамарсан гамшиг, түүнээс үүдэлтэй гамшгийн үе дэх бэлэн байдал, чадавх, нийгэм эдийн засгийн нөлөөлөл, үнэлгээ, таамаглалын чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг, уг салбарт ажилладаг гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачид, холбогдох талуудын бодлого боловсруулагчид, мэргэжилтнүүд өөрсдийн бэлтгэсэн илтгэлээ хэлэлцүүлж, санал солилцож, зөвлөмж гаргалаа гэж Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс мэдээллээ.