Засгийн газрын 2020 оны 163 дугаар тогтоолоор Завхан аймгийн Сонгино суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах бүлэг нь өнгөрөгч есдүгээр сараас эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нээлтийн ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.
Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, Сонгино сумын Засаг дарга А.Хандмаа, Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд болон сум, орон нутгийн удирдлага, иргэд, Онцгой байдлын газрын алба хаагчид оролцсон юм.
Сонгино сум нь Улаанбаатар-Баруун чиглэлийн улсын чанартай төв зам дагуу оршдог бөгөөд объектын болон ой, хээрийн түймэр гарах эрсдэлтэй. Өвөлдөө цас их ордгоос “Дөрөлжийн нуур”, “Ялаат” зэрэг газруудад шуурч орон нутгийн зам даваа хаагдаж, улмаар машин техник цасанд суух, боогдох, иргэд төөрөх зэргээс үүдэн хүний амь нас, эд хөрөнгөд хохирол учрах эрсдэл өндөртэй бүс нутаг юм.
Тиймээс Эрэн хайх, аврах бүлэг нь өөрийн сум болоод хил залгаа Түдэвтэй, Баянхайрхан, Цэцэн-Уул, Сантмаргаз, Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумын иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах төрийн үйлчилгээг цаг алдалгүй шуурхай хүргэн ажиллаж байна.
Тосонцэнгэл, Сонгино, Цэцэн-Уул, Түдэвтэй сумын иргэдээс сонгон шалгаруулж, сургаж бэлтгэсэн алба хаагчид сум, орон нутагтаа үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа явуулж байсан хуучин барилгыг аймгийн ИТХ-ын 2021 оны 42 дугаар тогтоолоор шилжүүлэн авч, Онцгой байдлын ерөнхий газар болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар буюу 173,9 сая төгрөгийн бүтээн байгуулалт тохижилтын ажлыг хийсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.