Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Завхан, Ховд аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ.  Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с хүрч ширүүснэ.  Дархадын хотгороор -20-25 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -14-19 градус, Монгол-Алтайн уулархаг, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +1+6 градус дулаан, бусад нутгаар -4-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс, баруун хойш эргэж 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүсч, -7-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 25-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-ны өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-ны өдөр говь болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд Алтайн уулархаг нутгаар, 26-ны өдөр нутгийн зарим газраар, 27-ны өдөр ихэнх нутгаар, 28-ны өдөр говь, тал хээрийн нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. 27-ны өдрөөс хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -42-47 градус, өдөртөө -31-36 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -35-40 градус, өдөртөө -23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18-23 градус, өдөртөө -10-15 градус, бусад нутгаар шөнөдөө -25-30 градус, өдөртөө -15-20 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Объектын түймэрӨмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн “Цагаан хад”-ын суурьшлын бүс дэх “3 дугаар пост” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 390 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 135 км-т/ 11.20-ны өдрийн 11:00 цагийн орчим суудлын автомашин шатсан тухай мэдээллийг 11.23-ны өдрийн 22:18 цагт хүлээн авсан. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, Цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тухайн газарт очиж, үзлэг шалгалт хийсэн бөгөөд “БЖ2022” загварын суудлын автомашин шатсан тухай мэдээллийг Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.  

Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.23-ны өдрийн 07:24  цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 07:27 цагт очиход иргэн Э-гийн 4×4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13дугаар хороонд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.23-ны өдрийн 15:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 15:24 цагт очиход иргэн Б-гийн 6х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.    

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 11.23-ны өдрийн 23:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 23:14 цагт очиход байруудын дунд байрлах хогийн цэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.         

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.24-ний өдрийн 00:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 00:21 цагт очиход иргэн М-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар, эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.     

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Говь-Алтай аймгийн Цогт сумын Рашаант багийн “Тугалгат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 210 км-т, сумын төвөөс хойд зүгт 25 км-т/ 11.23-ны өдрийн 15:00 цагийн орчим бага насны хүүхэд мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тус сумын харьяат малчин Б-гийн хүү Ц /13 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 11.24-ний өдрийн 00:35 цагаас зохион байгуулж байна.      

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top