Бэлтгэл хурандаа П.Гүндсамбуу “Үйлчилгээний гавьяат ажилтан” цол, тэмдгээр шагнагдлаа

BTM_4087-1024x683-1.jpg

Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа П.Гүндсамбууг Үйлчилгээний гавьяат ажилтан цол, тэмдгээр шагналаа.

Тэрбээр УАБХЕГ-ын 4 дүгээр газарт Улсын хил хариуцсан ахлах ажилтан, хэлтсийн орлогч, хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын хилийн зөрчил гарч болзошгүй чиглэлийг сар бүр тодорхойлж хил хамгаалалтын удирдамжид оруулан гарсан зөрчлүүдийг шалган шийдвэрлэлцэж байсны дээр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутгаар ЗХУ-ын талаас зэвсэглэсэн этгээд хил зөрчин 3 хилчний амь насыг хөнөөж зэвсгийг нь авч алга болсон хэргийг шалгах, 1990 онд ОХУ-ын зүгээс улсын хил зөрчин хууль бусаар оруулж ирсэн 6 сая калибрын сумыг илрүүлж барих операцыг удирдан хил зөрчигч гэмт этгээдүүдийг илрүүлж баривчлан хэрэг бүртгэлт хийж прокурорт шилжүүлж эх орныхоо өмнө онцгой гавьяа байгуулсан хүн юм.

Мөн 1996-2010 онд Дорноговь аймгийн Байнгын онцгой комиссын гишүүнээр, 2001 оноос тус аймаг дахь Улсын нөөцийн салбарын даргаар 2013 оныг хүртэл ажиллахдаа хариуцсан салбар нь Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тэргүүний салбараар 2001, 2003, 2005, 2010 онд шалгарч, 2006, 2009 онуудад өөрөө Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хөдөлмөрийн аваргаар шалгарч байсан, манай шилдэг тэргүүний алба хаагчдын нэг билээ.

Ийнхүү тэрбээр Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан 19 дэх гавьяат цолтон болж байгаа юм.

Түүнийг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top