Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Төв болон зүүн аймгуудын ихэнх хэсэг, Говийн аймгуудын хойд хэсэг, Баруун аймгуудийн хойд хэсгээр цас орж, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Увс, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Tөвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 7-12 м/с, говь, талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -32-37 градус, Хангай, Хэнтийн  уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр -26-31 градус, Алтайн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -22-27 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар -11-16 градус, бусад нутгаар -17-22 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, ялимгүй цас орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, -24-26 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 29-ний өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12 дугаар сарын 02-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 29, 30-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар, 12-р сарын 01-ний өдөр Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Цаашдаа хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -42-47 градус, өдөртөө -30-35 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -37-42 градус, өдөртөө -25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20-25 градус, өдөртөө -11-16 градус, бусад нутгаар шөнөдөө -28-33 градус, өдөртөө -19-24 градус хүйтэн, жавартай байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 77 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.27-ны өдрийн 09:17 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан очиход тус тоотод иргэн Ц-ийн “Портер” загварын ачааны автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.         

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 14 дүгээр гудамжинд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 11.27-ны өдрийн 13:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5х6 метрийн хэмжээтэй гарааш шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.     

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, “Сэлх” зуслангийн задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.27-ны өдрийн 14:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Централ парк”-ийн зүүн талд шинээр баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлагыг 11.27-ны өдрийн 19:43 цагт хүлээн авсан. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны зориулалттай 20 тн багтаамжтай 3 ширхэг чингэлэг шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.         

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Ханбогд” хорооллын 202 дугаар байрны автомашины зогсоол суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 00:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын “Сай” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 56 дугаар байр хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 01:19 цагт хүлээн авсан. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг 3 км замыг туулан очиход тус байрны 3 дугаар орцны хогийн сувагт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. (Утаажилтын бүсээс тус байрны 8 иргэнийг аюулгүй газарт гаргасан) 

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баян багийн 10 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.27-ны өдрийн 14:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ын 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дотор хана, таазны хэсэг шатаж байсныг 26 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн “Зангиат” хорооллын 5 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.27-ны өдрийн 21:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчдыг иргэн Б-ын 8х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 52 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн “Бага хөшөөтийн даваа” гэдэг газар суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.27-ны өдрийн 21:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумаас Орхон аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн С-ын “Эстима” загварын суудлын автомашин шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Баянбулагийн 8 дугаар гудамжинд ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 00:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Хово” загварын ачааны автомашины бүхээгийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 05:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 10х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 21  минут ажиллаж унтраасан.    

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Баян-Өлгий аймгийн Булган сумын Сайхан багийн “Хөх гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 280 км-т, сумын төвөөс  зүүн хойд зүгт 40 км-т/ Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат малчин С нь Булган сумаас Ховд аймгийн Дуут сум руу мал тууж, хүргээд 11.25-ны өдөр морьтой буцаж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.26-ны өдрийн 19:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан малчин С /38 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 11.27-ны өдрийн 16:00 цагт сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т, Булган сумын Сайхан багийн “Сайханы зуслан” гэдэг газар мориноосоо унаад явганаар хээр явж байхад нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. 

Төв аймгийн Баянцогт сумын Гуна багийн Шинэ булаг гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 173 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км-т/ Малчин Б нь 11.27-ны өдрийн 11:00 цагийн орчим мал хариулж яваад малтайгаа сураггүй алга болсон тухай дуудлагыг 11.27-ны өдрийн 21:10 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийнхан малчин Б-ийнд туслах малчинаар ажилладаг Б /54 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 23:58 цагт Баянцогт сумын Гуна багийн “Шинэ булгийн-Эх” гэдэг газраас малтай нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 3 дугаар багийн Адгийн бууц гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 100 км-т, сумын төвөөс урд зүгт 45 км-т/ Тус аймгийн Өргөн сумын харьяат малчин Б нь 11.27-ны өдрийн 10:00 цагийн орчим мал хариулж яваад малтайгаа сураггүй алга болсон тухай дуудлагыг 11.27-ны өдрийн 21:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн малчин Б /41 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 22:40 цагаас зохион байгуулж байна.

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Хангал багийн “Далангийн зүүн даваа” гэдэг газар  /аймгийн төвөөс баруун хойд зүгт 268 км-т, сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ Тус сумын харьяат малчин А нь 11.27-ны өдрийн 11:00 цагийн орчим мал хариулж яваад яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 03:57 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийнхан малчин А /57 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 11.27-ны өдрийн 22:30 цагаас зохион байгуулж байна.

Цасанд суусан: Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн “Түргэний сай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд  зүгт 50 км-т, сумын төвөөс зүүн хойд 120 км-т/ Увс аймгийн Малчин сумаас Улаангом сумын чиглэлд зорчиж явсан ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.27-ны өдрийн 11:10  цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 50 км замыг туулан очиход иргэн Х-ийн “Пронтиер” загварын ачааны автомашин /1 жолооч, 4 зорчигчтой/ цасанд суусан байсныг 10 минут ажиллаж татан гаргасан.  

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, “Хуцаагийн-Ам, Хадан хушуу” гэдэг газар 4 зорчигчтой суудлын автомашин цасанд сууж, эвдэрсэн тухай дуудлагыг 11.27-ны өдрийн 15:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Клугер” загварын суудлын автомашины хөдөлгүүр эвдэрч, зогссон байсан тул тухайн автомашин чирж, автомашины жолооч нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн О /40 настай, эрэгтэй/, зорчигч А /38 настай, эмэгтэй/, Х/8 настай, эмэгтэй/, Х /6 настай, эрэгтэй/ нарыг Багануур дүүрэгт авчирч, иргэн М-д хүргэж өгсөн.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн “Дивизийн гарам”, “Бор толгой” гэдэг газар 2 зорчигчтой суудлын автомашин цасанд сууж, хөдөлгүүр нь эвдэрсэн тухай дуудлагыг 11.27-ны өдрийн 19:01 цагт хүлээн авсан. Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Патрол” загварын суудлын автомашины хөдөлгүүр нь эвдэрч зогссон байсан бөгөөд автомашиныг чирэх боломжгүй тул орхиж, тухайн автомашины жолооч, нийслэлийн Багануур дүүргийн харьяат иргэн Д/35 настай эрэгтэй/, зорчигч М /36 настай эмэгтэй/ нарыг гэрт нь авчирч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нугаар багийн “Цагаан хөтөлийн даваа” гэдэг газар автозамын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсч автомашинууд давааг давж чадахгүй байна  гэсэн дуудлагыг 11.27-ны өдрийн 18:30 цагт хүлээн авсан. Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Цагаан хөтөлийн даваа”-ны цаана саатсан нийт 86 зорчигчтой, 28 автомашиныг даваан дээр гаргах ажиллагааг зохион байгуулж, 1 цаг ажиллаж аюулгүй болгосон.

Завхан аймгийн Сонгино сумын Баян-Айраг багийн “Зоогийн-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 18 км-т/ Завхан аймгийн Тэс сумаас Улиастай сумын чиглэлд зорчиж явсан 4 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.27-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын “Тида” загварын суудлын /4 зорчигчтой/ автомашин цасанд суусан байсныг 1 цаг ажиллан татан гаргасан.

Төв аймаг, Баяндэлгэр сум Галуут багийн “Их худгийн даваа” гэдэг газар 2 зорчигчтой суудлын автомашин цасанд сууж, автомашины шатахуун дууссан тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 01:40 цагт хүлээн авсан. Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Приус-20” загварын суудлын автомашин шатахуун дуусаж, цасанд суусан байсан бөгөөд иргэн М /37 настай эрэгтэй/, иргэн Э /47 настай, эрэгтэй/ нар осголтын байдалтай байсныг автомашинтай нь авчирч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. 

Голын мөсөнд цөмөрсөн: Өвөрхангай аймгийн Хужирт сумын Бэрх багийн “Богчоор даваа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 110 км-т, сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Хужирт сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин голын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг 11.27-ны өдрийн 15:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн “Приус-20” загварын суудлын автомашин “Орхон” голын мөсөнд цөмөрч суусан байсныг татаж гаргасан.

Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, 29 дүгээр байр дулааны шугам сүлжээний худаг руу 1 хүн унасан тухай дуудлагыг 11.27-ны өдрийн 14:38 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход тус байрны хойд талын дулааны шугам сүлжээний худаг доторх шугам задарч дотор нь иргэн У/34 настай, эмэгтэй, харьяалал тодорхойгүй/ халуун ууранд түлэгдэж, ухаан алдсан байсныг 30 минут ажиллан гаргаж, нийслэлийн ЯТТТ-д эсэн мэнд хүлээлгэн өгсөн.

4. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Салхи, шуурга – Цасан шуурга: Увс аймгийн Давст сумын Хандгайт багийн  “Хараадай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 95 км-т, сумын төвөөс баруун зүгт 45 км-т/ 11.27-ны өдрийн 04:00 цагийн орчим 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас 1 өрхийн 350 бог мал хорогдсон тухай мэдээллийг мөн өдрийн 11:10  цагт хүлээн авсан. Тус сумын харьяат малчин А-ын 1500 бог мал цасан шуурганд уруудсанаас 1150 бог малыг эсэн мэнд олж, 350 бог мал хорогдсон тухай мэдээллийг тухайн малчин нь аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top