Дэлхийн хамгийн том галт уул дэлбэрчээ

icti85_mauna_loa_x974.jpg

Дэлхийн хамгийн том идэвхтэй галт уулд тооцогддог Хавайн арлын Мауна Лоа уул сүүлийн дөч орчим жилийн хугацаанд анх удаа дэлбэрсэн тухай арлын эрх баригчид Даваа гарагт мэдээлжээ.

Галт уулын дэлбэрэлт Ням гарагийн орой эхэлж, Даваа гарагийн өглөө лаав урсаж эхэлсэн ч одоохондоо тогооноосоо халиагүй байгааг АНУ-ын Геологийн Алба мэдээлсэн байна.

Гэхдээ галт уулын дэлбэрэлт хэр удаан үргэлжлэх, хүн амын суурьшлын бүс рүү лаав урсах эсэхийг одоогоор урьдчилан хэлэх боломжгүй гэжээ.

“Бид Хавайн Иргэний Хамгаалалтын албатай байнгын холбоотой ажиллаж, нутгийн оршин суугчдад нөхцөл байдлыг цаг тухайд нь мэдээлж байна” гэж АНУ-ын Геологийн Албаны хэвлэлийн төлөөлөгч Мел Горбет сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Хэдийгээр анхааруулга зөвлөмж гаргаагүй ч галт уулын ойр орчимд амьдардаг хүмүүс өөрсдийн санаачилгаар нүүж эхэлсэн тул арлын эрх баригчид түр хоргодох байруудыг нээж эхэлжээ.

Мауна Лоа галт уул хамгийн сүүлд 1984 онд дэлбэрч байсан юм. Саяхан хэд хэдэн удаа газар хөдөлсөн нь галт уул идэвхжих нөхцөл болжээ.

Мауна Лоа уул оршдог Биг Айлэндын зарим хэсэгт унасан үнс нурмын зузаан 0.6 см хүрсэн байна.

Хавайн бүлэг арлын хамгийн өмнөд захын арал болох Биг Айлэндэд нийт таван галт уул байдаг.

Мауна Лоа нь далайн түвшнээс дээш 4,169 метр өндөрт өргөгдсөн уул юм. 2018 онд түүний зэргэлдээх харьцангуй жижиг хэмжээтэй Килауеа галт уул дэлбэрэхэд ойролцоох суурьшлын бүсийн 700 айл өрхийн орон байр сүйдэж байжээ.

Тиймээс эгц цавчим хадан цохиотой Мауна Лоагийн дэлбэрэлт удаан үргэлжилж, лаав нь тогооноосоо халивал маш хурдтай тархаж, үүнээс илүү их хохирол учруулах эрсдэлтэй юм байна.

1950 онд энэ галт уул дэлбэрэхэд лаав гурван цагийн дотор 24 км хол урсаж, далайн эрэгт хүрч байжээ.

Эх сурвалж: Associated Press

scroll to top