Э.Энхбаяр: Гамшиг, ослын үед ашиглах тэмдэглэлийн дэвтрийг үүсэж болох эрсдэлд тулгуурлан бүтээсэн

314364217_5622589234501548_5874728506948812708_n.jpg

Дотоод хэргийн их сургуулиас жил бүр зохион байгуулдаг “Инновац-2022” шилдэг төсөл, бүтээлийн уралдаанд Ахлагчийн сургуулийн Онцгой байдлын албаны тэнхимийн багш, хошууч Э.Энхбаяр, Сургалтын бодлого төлөвлөлтийн газрын мэдээллийн систем хариуцсан мэргэжилтэн цагдаагийн ахлах дэслэгч Э.Баттөр нарын “Гамшиг, ослын үед ашиглах зөөврийн дэвтэр” бүтээл гутгаар байрт шалгарлаа. Тус бүтээлийн онцлог, хэрэглээнд хэрхэн нэвтрүүлэх талаар хошууч Э.Энхбаяраас тодруулснаа хүргэж байна.

-Юуны өмнө баяр хүргэе. Бүтээл хийх анхны санаа, сэдлийн талаар яриагаа эхлүүлье?

Баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Манай улсад сүүлийн жилүүдэд жилд дунджаар 2000 удаагийн газар хөдлөлтийн давтамж бүртгэгдсэн гэж Одон орон, геофизикийн хүрээлэнгээс гаргасан судалгаанд дурдсан байна. Дэлхий дээр газар хөдлөлтийн гамшиг, ослын үед хамгийн сайн бэлтгэгдсэн ард түмэн бол Япон гэдгийг хүн бүр мэднэ. Хамгийн сайн технологи хөгжсөн энэ улсад газар хөдлөлтийг хамгийн богино хугацаа буюу нэг секундын өмнө мэдэх боломжтой төхөөрөмж бий. Дээрх улсад байгаа технологийг улсдаа нэвтрүүлэх боломжгүй ч гамшиг, ослыг даван туулах арга замыг шийдвэрлэхэд багахан ч гэсэн хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү бүтээлийн төсөл хийх санаа төрсөн.

-Газар хөдлөлтийн гамшгийн үед ашиглахад зориулагдсан гэж ойлголоо?

 Тийм. Газар хөдлөлт бол богино хугацаанд өрнөж, хамгийн их хохиролыг дагуулдаг. Хэзээ, хаана болохыг нь мэдэх боломжгүй байдаг. Тиймээс урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлын хүрээнд үүсэх эрсдэлийг тооцож, бүтээлийн бүрдэл, онцлог болоод хийцийг бүрдүүлж цогц болгосноороо онцлог байгаа. Цахим орчинд  өрнөөд байгаа газар хөдлөлтийн үед ашиглах хамгаалалтын орны бичлэгийг үзсэн байх. Бичлэгт дурдсан орыг байнга авч явах боломжгүй учраас хялбархан байдлаар буюу тэмдэглэлийн дэвтрээр шийдсэн. Дэвтрийн гадна талыг хамгийн нягтаршил өндөртэй карбон пайбер материалаар хийсэн. Энэ материал нь гангаас 10 дахин их бат бөх чанартай бөгөөд тороосон хязгаарлагчтай. Хязгаарлагдмал орчинд хөдөлгөөн үйлдэхэд тохиромжтой байхад зориулж хавтсан дээр нь нимгэн лед гэрэл хийсэн. Мөн зөөврийн цэнэг хураагуур буюу повер банктай. Тэмдэглэлийн дэвтрийн цаас, хавтас хоёрын дунд дулаан тусгаарлагч нөмрийг суурилуулж өгсөн. Түүнчлэн капсултай үнэр гаргагч, нэмэлтээр ослын дуут дохио болон шүглийг байрлуулж өгсөн.

-Ашиглах заавар болоод хэрэглээнд нэвтрүүлэх аргачлалын талаар тайлбарлавал?

Газар хөдлөлтийн гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх дадлага, сургуулийн үед ашиглах боломжтой. Суу, нуугд, хүлээ гэсэн зааврыг хэрэгжүүлэхдээ хамгаалах дэвтрийн дотор байрлах тэмдэглэлийн цаасыг зангуунаас салгаж, толгой дээрээ дэлгэж гадны биет дээрээс унах болоод толгой, мөр хэсгийг хамгаалах зорилгоор хэрэглэнэ. Хэрэв нэрвэгдэгч газар хөдлөлийн улмаас хязгаарлагдмал орчин буюу нурангин доор дарагдсан тохиолдолд: Нэгт. Дэвтрийн дотор талд байрлах дулаан тусгаарлагч нөмрөгийг ашиглаж өөрийгөө хучих, Хоёрт. үзэгдэх орчин хязгаарлагдмал тул гэрэлтүүлгийг асаана. Лед гэрэлтүүлэг нь нөөц батарейнаас тэжээл авах тул удаан хугацаанд ашиглах боломжтой. Гуравт. Чанга дуу чимээ гаргах зорилгоор ослын дуут дохиог асаана. Нэмэлтээр суурьлуулсан шүглийг үлээж, аврагчдад өөрийгөө аврах боломжийг бүрдүүлж өгнө. Дөрөвт. үнэр гаргагч капсулыг хагалснаар эрэлч нохой түргэн шуурхай олох боломжтой. Энэхүү төслийг практикт нэвтрүүлбэл учирч болох гамшиг, ослын эрсдэлийг бага ч болтугай бууруулах бүрэн боломжтой гэж харж байна.

Ингэхэд өөрийн тань хувьд хэд дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа вэ?

Онцгой байдлын албанд 15 дахь жилдээ ажиллаж байна. Анх одоогийн Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарт усчин аврагч, дадлагажих ажилтнаар 2007 оны сүүлээр орж, ажил, амьдралын гараагаа эхэлж байлаа. Улмаар 2008 онд Дотоод хэргийн их сургуульд элсэн суралцаж, 2012 онд Онцгой байдлын ажилтан, эрх зүйч мэргэжлээр төгсөж, Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангид салааны захирагчаар томилогдон ажилласан. 2013 онд НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангид салааны захирагчаар томилогдон ажиллаж байгаад 2016 онд ОХУ-ын Москва хотын Гал эсэргүүцэх академид суралцан магистрын зэрэг хамгаалж, 2018 оноос Дотоод хэргийн их сургуульд томилогдон ажиллаж байна. Дотоод хэргийн их сургуулийн “Инновац-2020” уралдаанд “Мэргэжлийн ур, чадвар, сэтгэл зүйд бэлтгэх кабинет”-ийн биет бүтээлээр тэргүүн байр эзэлж байсан, Мөн  Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит шилдэг “Грант” олгох төслийн уралдаанд хоёрдахь жилдээ амжилттай оролцсон. Онцгой байдлын албанд хэрэгцээ шаардлагатай байгаа сургалтын орчинг хөгжүүлэх, шинэлэг инновацын бүтээлүүдийг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Эх сурвалж: Онцгой мэдээ сонин

scroll to top