Р.Мөнхбат: Сэтгэлээсээ өгсөн бэлэг хамгийн нандин цуглуулга болдог

IMG_9444.jpg

“Онцгой мэдээ” сонины “Хобби” булангийн энэ удаагийн зочноор НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Р.Мөнхбат оролцож байна. Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 2014 оноос хойш наймдахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. НОБГ- ын Захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж, 2020-2022 онд Сэлэнгэ аймгийн ОБГ-ын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн даргаар ажиллаж байгаад 2022 оны зургадугаар сараас НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байна. Ам бүл тавуулаа. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг.

-Түүний анхны цуглуулга бол улс орнуудын мөнгөн зоос, цаасан мөнгө. 1996 оноос хойш цуглуулж эхэлсэн бөгөөд 2016 он хүртэл 30 орны мөнгө тэмдэгтийг цуглуулсан. Хүүхэд нь тус цуглуулгыг нь өвлөн авч, үргэлжлүүлж байна.

-Улмаар 2016 оноос үзэг, бал цуглуулах болжээ. Олон улсын болон дотоодын хурал, семинар, зөвлөгөөн болоод хамтран ажилладаг байгууллагуудын тэмдэглэлийн дэвтэр, үзэг, балыг цуглуулж эхэлсэн.  Дэлхийн анхны багц бал 1945 онд Нью Йоркт худалдаанд гарч байж. Шинэ содон зүйлд олзуурхсан олны дунд урт дараалал үүссэн учраас эрх баригчдаас тусгай хамгаалалт гаргаж байсан гэдэг. Тэр өдөр нийт 10.000 бал зарагдсан ба нэг бүрийн үнэ 12 доллар байсан байна.

-Түүний эхнэр “Японы хүүхдийг ивээх сан” Олон Улсын байгууллагад ажилладаг. Анх 2015 онд тус байгууллагын эмблем, бичигтэй паркер бэлэглэж байсан нь цуглуулгын эхлэл гэнэ. Одоогоор 20 гаруй тэмдэглэлийн дэвтэр, 70 гаруй үзэг, балны цуглуулгатай. Секунд тутамд дэлхий дээр 125 бал зарагддаг. 1983 онд Америкт 7 тэрбум гаруй бал арилжаалагдаж байсан байна.Дунджаар нэг хүн нэг жилд 4.3 ширхэг бал хэрэглэдэг. Харин бал тус бүр нь 50.000 үг бичих боломжтой байдаг гэнэ.

-Эдгээр цуглуулгаас хамгийн содон нь Сэлэнгэ аймагт ажиллаж байхад хэрэглэж байсан болон 2018 онд Индонези улсын Сурабаяа хотод  оролцсон олон улсын семинарын тэмдэглэлийн дэвтэр, үзэг бал аж. Учир нь эдгээр бал нь нугардаг, гэрэлтэй бас карбинтай зүүдэг гэдгээрээ онцлог. Тосон балыг анх Их Британий агаарын хүчнийхэнд зориулж зохион бүтээж байж. Хэдий чинээ өндөрт хөөрөх тусам агаарын даралт төдий чинээ буурч, сийрэгждэг учраас тухайн нөхцөлд үзгэн бал онгоцны бүхээгээр нил гоождог байснаас ийм санааг олжээ.

-Хань, найз нөхөд, ажлын хамт олныхоо бэлэглэсэн тэмдэглэлийн дэвтэр, үзэг бал хамгийн өндөр үнэтэй гэж  бодож, нандигнаж явдаг. Хүний сэтгэлээсээ өгсөн бэлэг хамгийн нандин цуглуулга болдог хэмээн тэрбээр хуучилсан юм. Хүмүүс худалдаж юм уу бэлгэнд авсан шинэ балаараа хамгийн эхэнд өөрийнхөө нэрийг бичсэн байдаг. Энэ нь нийт хүмүүсийн 95%-д тохиолддог үйлдэл гэнэ. Дашрамд сонирхуулахад “Гиннесийн ном”-д бичигдсэн бал нь 1 сая еврогийн үнэтэй. Монтеграппа хэмээх цагаан алтан бал байдаг аж.

Эх сурвалж: Онцгой мэдээ сонин

scroll to top