Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар орон даяар зохион байгуулагдаж байгаа “Бидний бахархал” төслийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, “Монгол хурандаа” нийгэмлэг, Төв аймгийн ЗДТГ, аймгийн Онцгой байдлын газар, Цэргийн хэлтэс хамтран зохион байгуулж байгаа уулзалт өдөрлөгийн арга хэмжээ өнөөдөр Борнуур суманд зохион байгуулагдснаар өндөрлөж байна.
Арга хэмжээнд Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Төмөрбаатар, “Монгол хурандаа” нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, бэлтгэл хурандаа Д.Баярхүү, Л.Ганбаатар, Ж.Нямдаваа, Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат эмч, бэлтгэл хурандаа Л.Жамбалжав, “Монгол хурандаа” нийгэмлэгийн гишүүн, бэлтгэл хурандаа Д.Цээсэд, С.Цэвээнлхазал, Ц.Ганхуяг нар тусгаар тогтнол, эх оронч үзлийн талаар лекц, яриа таниулга хийсэн. Түүнчлэн “Монгол хурандаа” нийгэмлэгийн уран бүтээлч хурандаа нар өөрсдийн уран бүтээлээ толилуулж, эх орон, тусгаар тогтнолын тунхаг бүтээлүүдээ хүргэсэн юм.
Мөн Төв аймгийн Борнуур сумын Засаг дарга Н.Ундрахбилэг “Улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ухамсарласан эх оронч иргэнийг төлөвшүүлэх зорилго бүхий энэхүү төслийн арга хэмжээ манай суманд зохион байгуулагдаж байгаад баяртай байна. Энэ арга хэмжээнд идэвхтэй оролцож байгаа хүүхэд, залуустаа, мөн хүрэлцэн ирж сонирхолтой лекц уншиж, яриа таниулга хийсэн эрхэм хурандаа нартаа баярлалаа. Улс эх орныхоо тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгож, ирээдүй хойчдоо эх орноо авч явах, эх оронч иргэнийг төлөвшүүлэхэд өнөөдрийн арга хэмжээ томоохон хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Төслийн арга хэмжээний үеэр Төв аймгийн Онцгой байдлын газраас багаж, тоног төхөөрөмж, үзүүлэн таниулах материалын үзүүлэнг дэлгэж, алба сурталчлах арга хэмжээг зохион байгууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.