Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Говь-Алтай, Ховд, Хөвсгөл аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, говийн бүс нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -28…-33 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -22…-27 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -16…-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -5…-10 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байна. 

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, цас орно, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, Өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 12-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи 12-нд нутгийн зарим газраар 13, 14-нд Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -40…-45 градус, өдөртөө -27…-32 градус, Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -19…-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -8…-13 градус, бусад нутгаар шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -14…-19 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Завхан аймгийн Нөмрөг сумын Хөдрөг багийн 5 дугаар гудамжинд 12.10-ны өдрийн 05:00 цагт байшин шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 06:25 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн А-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшин шатсаныг орон нутгийн иргэд ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.  

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны “Бэлх”-ийн 33 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.10-ны өдрийн 09:32 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 9х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны “Цагаан-Эрэг”-ийн 3 дугаар гудамжинд “Задгай” бууц шатаж байна гэсэн дуудлагыг 12.10-ны өдрийн 10:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход жалганд хаясан бууц шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Булган аймгийн Булган сумын Ачуут багийн “Шинэ хороо”-ны 5 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.10-ны өдрийн 14:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Д-ийн эзэмшлийн “Мусо” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны “Баянгол”-ын 53 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.10-ны өдрийн 15:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 12х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.   

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хужирт багийн 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.10-ны өдрийн 21:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 4х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан. Иргэн М /51 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/  байсныг эсэн мэнд гаргаж  Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.   

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Налайх дүүргийн 8 дугаар хорооны 10 дугаар гудамжинд иргэн Т-нь 12.08-ны өдөр ерөнхий болвсролын 119 дүгээр сургуульд дүүгээ хүргэж өгөөд сураггүй болсон тухай дуудлагыг 12.10-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид иргэн Т/38 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 12:10 цагт тус дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс эсэн мэнд олсон.  

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүйс толгой багийн 65 дугаар гудамжинд иргэн О-нь 12.09-ний өдрийн 18:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.10-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбар, тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид иргэн О /62 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 13:45 цагт иргэн Б-ын гэрээс эсэн мэнд олсон.

Цас шаварт суусан: Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн “Цоохор нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 420-км, сумын төвөөс урд зүгт 18 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 12.11-ний өдрийн 00:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг очиход Ховд аймгийн чиглэлд 3 зорчигчтой (1 нь хүүхэд) зорчиж явсан иргэн Л-ийн “Корлла” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 01:50 цагт татан гаргасан.   

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top