Сарны тойрог замаас буцаж ирсэн NASA-гийн хөлөг Номхон далайн усанд амжилттай буулаа

vdtt3y_orion_splashdown_x974.jpg

NASA-гийн Orion хөлөг өчигдөр Мексикийн эргээс холгүй Номхон далайн усанд амжилттай бууснаар хүн төрөлхтөн саран дээр дахин хөл тавихад нэг алхам ойртож байна.

Хөлөг дууны хурднаас 32 дахин өндөр хурдаар дэлхийн агаар мандалд орж ирэхдээ Цельсийн 2,760 хэмийн халалтыг тэсвэрлэж чаджээ.

Мексикийн Баха Калифорни мужийн эргээс холгүй Гуадалупе арлын ойролцоо буусан хөлгийг АНУ-ын тэнгисийн цэргийн хөлөг уснаас гаргасан байна.

Orion хөлөгт төрөл бүрийн мэдрэгчээр тоноглогдсон гурван хиймэл хүн сууж явсан юм.

Хөлөг дэлхийд амжилттай буцаж ирснээр саран дээр хүн буулгах зорилготой Артемис хөтөлбөрийн эхний аялал өндөрлөж байна. Сансрын нисгэгчдийг сарны тойрог замд хүргэх хоёр дахь аяллыг 2024 онд төлөвлөж байгаа. Үүний дараа хоёр сансрын нисгэгчийг сарны гадарга дээр буулгах гурав дахь аялал 2025 онд болох юм.

Өчигдрөөс яг 50 жилийн өмнө буюу 1972 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр NASA-гийн сансрын нисгэгчид хамгийн сүүлд саран дээр бууж байжээ.

Тухайн үед Apollo 17 аяллын багийн гишүүд болох Южин Сернан, Харрисон Шмитт нар сарны гадарга дээр гурав хоног ажилласан нь Apollo хөтөлбөрийн хүрээнд хүмүүс дэлхийн дагуул дээр хамгийн удаан саатсан тохиолдол болж байв.

Тэд саран дээр хөл тавьсан NASA-гийн нийт 12 сансрын нисгэгчийн сүүлчийн хоёр нь байжээ.

Orion хөлөг арваннэгдүгээр сарын 16-ны өдөр NASA-гийн шинэ аварга пуужинд тээвэрлэгдэн Флорида дахь Кеннедийн нэрэмжит сансрын буудлаас хөөрч байв.

NASA саранд хүрэх хоёр дахь хөтөлбөрөө Artemis гэж нэрлэсэн нь учиртай. Энэ бол эртний Грекийн домогт гардаг Apollo (өмнөх хөтөлбөрийн нэр) бурхны ихрийн нэр юм.

$4 тэрбумын өртөгтэй Artemis 1 аялалд сансрын нисгэгч оролцоогүй, харин төрөл бүрийн мэдрэгч, хэмжигчээр тоноглогдсон гурван хиймэл хүн оролцсон бөгөөд тэднийг аяллын турш хүнд үзүүлж болох бүх нөлөөг судлахад ашиглажээ.

Orion хөлөг өчигдөр буухдаа анхны төлөвлөсөн цэгээс өмнө зүгт 482 км зайд буусан байна. Гэхдээ энэ нь алдаа биш, далайн давлагаа, салхины нөхцөл байдалтай холбоотойгоор NASA буух цэгийг өөрчилсөн хэрэг ажээ.

Orion хөлөг нийтдээ 2.25 сая километр зам туулж, сарны гадаргад хоёр удаа 130 км хүртэл ойртсон юм. Дэлхийгээс 430,000 км холдсон нь хүн тээвэрлэх зориулалттай сансрын хөлгүүдийн хамгийн хол аялсан дээд амжилт болжээ.

Эх сурвалж: Associated Press

scroll to top