Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар цас орж, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймгийн нутгаар цасан болон шороон шуурга шуурсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 7-12 м/с, говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -27-32 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -22-27 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -9-14 градус, бусад нутгаар -14-19 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, -16-18 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 13-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-ний өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-ны өдөр төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-ны өдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 13, 14-ний өдөр Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар, 15, 16-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -41-46 градус, өдөртөө -27-32 градус, Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -33-38 градус, өдөртөө -19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө -15-20 градус, өдөртөө -10-15 градус, бусад нутгаар шөнөдөө -25-30 градус, өдөртөө -15-20 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан  багийн 15 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 16:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын “Карина” загварын суудлын автомашин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 46 дугаар байр хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 19:44 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны гаднах хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийний 20 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 23:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 6х7 метр хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Бүрд сумын Аржаргалант багийн Элсний зүүн хаяа гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ Тус сумын харьяат малчин Г 12.11-ний өдрийн 15:00 цагийн орчим мотоциклтой малаа хариулж яваад сураггүй болсон тухай мэдээллийг мөн өдрийн 18:50 цагт сумын Засаг даргын Тамгын газраас хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин Г/42 настай, эрэгтэй/-ийг мөн өдрийн 19:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад тухайн малчин 20:30 цагт гэртээ өөрөө, эсэн мэнд ирсэн тухай ээж Ц нь сумын Засаг даргын Тамгын газрын даргад мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Цасанд суусан: Төв аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн “Өвгөнт” гэдэг газар 4 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 12.11-ний өдрийн 21:02 цагт хүлээн авсан. Нийслэлийн Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын “Ланд круйзер 200” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 20 минут ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top