Ром хотын кафед гал нээсний улмаас гурван эмэгтэй амиа алджээ

12122022-1670828403-1325562094-_127973165_romeepa.jpg

Ром хотод нэгэн эр гал нээсний улмаас гурван эмэгтэй амиа алдаж, дөрвөн хүн шархадсан байна. Тус халдлага болсон кафед орон нутгийн оршин суугчдын хорооны бүрэлдэхүүн цугларч байсан аж. Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони амиа алдсан эмэгтэйчүүдийн нэг нь түүний найз Николетта Голисано гэх бүсгүй байсан гэж мэдэгджээ.

Ром хотын захирагч Роберто Гуалтьери энэ аймшигтай явдлыг “Хүчирхийллийн ноцтой хэрэг” гэдгийг онцолж, даваа гарагт болох яаралтай хуралд оролцохоо мэдэгдэв. Одоогийн байдлаар 57 настай сэжигтэнг цагдан хорьж байгаа юм. Тэрбээр тус хорооны зарим Удирдах зөвлөлийн гишүүдтэй маргалдаж байсан гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Мөн тус хорооны дэд ерөнхийлөгч Лусиана Сиорба Фидене тухайн үед кафед байсан гэж Италийн “La Repubblica” сонин мэдээлэл өгсөн байна. Түүний хэлснээр галт зэвсэгтэй этгээд ням гаригт гал нээхээсээ өмнө бааранд орж, “Би та нарыг бүгдийг нь ална” гэж хашгирсан байна. Шархадсан нэг хүний биеийн байдал хүнд байгаа аж.

Итали улсын Ерөнхий сайд найзынхаа гэр бүлд эмгэнэл илэрхийлэн, фэйсбүүк хуудсандаа “Үзэсгэлэнтэй, аз жаргалтай найзаа үргэлж санаж явах болно” гэжээ.

Мөн тэрээр “Николетта бол сайн ээж, чин сэтгэлтэй, ухаалаг найз, хүчирхэг ч гэсэн эмзэг эмэгтэй байлаа. Тэр миний найз. Ингэж амьсгал хураах ёсгүй байсан. Николетта хэдхэн долоо хоногийн өмнө төрсөн өдрийнхөө үдэшлэгт зориулж авсан улаан даашинзтайгаа ямар үзэсгэлэнтэй харагдаж байсан гээч?” гэж бичсэн байв.

Сэжигтэн халдлага үйлдэхдээ ашигласан галт зэвсгийг хулгайлсан байж болзошгүй буудлагын талбайг хааж, хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа гэж мэдэгджээ.

Италийн хэвлэлээр сэжигтний хэрэг үйлдэх болсон шалтгааны тухай тодорхой тайлбар өгөөгүй байна. Гэвч энэ халдлагыг улс төрийн шинжтэй биш гэж үзэж байгаа аж. Сэжигтэн болон оршин суугчдын зөвлөл урт хугацаанд маргаантай асуудалтай байсан гэж мэдэгдсэн байна.

scroll to top