Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Дорнод, Сүхбаатар, Төв аймгийн нутгаар цасаар шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -27…-32 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -22…-27 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -18…-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -9…-14 градус, бусад нутгаар -14…-19 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30…-32 градус, бусад хэсгээр -25…-27 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Салхи 14-нд Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар  секундэд 14-16 метр, 16, 17-нд говь, тал хээрийн нутгаар  түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -39…-44 градус, өдөртөө -28…-33 градус, Их нууруудын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -19…-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -10…-15 градус, бусад нутгаар шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -15…-20 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 43 дугаар байрны гадна хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 11:14 цагт хүлээн авсан.Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Бор-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 176 км, сумын төвөөс урд зүгт 26 км/-т байшин шатаж байна гэсэн тухай дуудлагыг 12.12-ны өдрийн 09:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5х8 метрийн хэмжээтэй байшин, эд зүйлсийн хамт шатаж байсныг 2 цаг 35 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Гавжийн шандын 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 11:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 15 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 12:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн “Гангын тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 100 км, сумын төвөөс хойд зүгт 1 км/-т ачааны автомашины чиргүүл дээр өвс шатаж байна гэсэн тухай дуудлагыг 12.12-ны өдрийн 19:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн “Синотрак” загварын ачааны автомашины чиргүүл дээр хураалттай байсан 400 боодол /8 тн/ өвс шатаж байсныг 2 цаг 55 минут ажиллаж унтраан иргэн О-д хүлээлгэж өгсөн.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 22:37 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) 10 дугаар багийн “Ялалт” хорооллын 9 дүгээр гудамжинд мансардтай 2 давхар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.13-ны өдрийн 01:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 10х11 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшингийн 5.5х5.5 метрийн хэмжээтэй гал тогоо, том өрөөний хэсэг шатаж байсныг 59 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Увс аймгийн Сагил сумын Өндөр мод багийн “Баян мод” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 41 км-т, Ө-50°19’48.0”, У-91°01’12.0”/ 12.12-ны өдрийн 19:56 цагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс 20:02 цагт цахим шуудангаар ирүүсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Сагил сумын Засаг даргын Тамгын газрын дарга, тус багийн малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Булган аймгийн Баян-Агт сумын Баянхайрхан багийн “Лэн” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 15 км-т, Ө-49°10’12.0”, У-102°09’00.0”/ 12.12-ны өдрийн 22:57 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс 23:04 цагт цахим шуудангаар ирүүсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баян-Агт сумын Засаг дарга, Баянхайрхан багийн Засаг дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Дорноговь аймгийн Өргөн сумын Сүхбаатар аймгийн Онгон сумаас Дорноговь аймгийн Сайншанд сумын чиглэлд 12.11-ний өдрийн 13:00 цагийн орчим суудлын автомашинтай зорчиж явсан Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат 4 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 12.12-ны өдрийн 05:30 цагт хүлээн авсан. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын  алба хаагчид, ар гэрийнхэн 12.12-ны өдрийн 07:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 13:18 цагт Дорноговь аймгийн Өргөн сум, Баянмөнх багийн Модонгийн худгийн “Живчидийн булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 160 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 85 км/-аас автомашин нь цасанд суусан, зорчигч Б /31 настай, эмэгтэй/, Х /18 настай, эмэгтэй/, И /3 настай, эрэгтэй/ нар автомашиндаа байсныг, жолооч Э /35 настай, эрэгтэй/ нь 12.12-ны өдрийн 08:00 цагийн орчим айлаас тусламж авахаар явганаар явж байсныг автомашин суусан газраас нь баруун зүгт 10 км-т Аргалын-Уул гэдэг газраас 14:27 цагт тус тус эсэн мэнд олсон.

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Согоот багийн “Цэгийн-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 190 км, сумын төвөөс баруун урд зүгт 40 км/-т Малчин А нь 12.12-ны өдрийн 17:00 цагийн орчим гэрээсээ морьтойгоор хониндоо яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 22:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид малчин А /50 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад тухайн иргэн 03:00 цагт гэртээ ирсэн гэсэн мэдээллийг ар гэрээс нь өгсөнөөр эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Цас шаварт суусан: Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хөдөө хэсгийн “Баруун байдлаг хадан цохио” гэдэг газар суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 12.12-ны өдрийн 02:50 цагт хүлээн авсан. Тус  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход жолооч Ж /51 настай, эрэгтэй/, зорчигч Д /45 настай, эмэгтэй/, Н /51 настай, эмэгтэй/ нар “Хонда Инсайд” загварын суудлын автомашинтай цасанд суусан байсныг 50 минут ажиллаж татан гаргасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 2 дугаар хороо, “Нарийны-Ам” гэдэг газар “Тэмүүлэл” зуслан явах замд 2 автомашин /шатахуун дууссан/ цасанд суусан нялх хүүхэдтэй явж байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 17:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э /38 настай, эрэгтэй/-ын “Киа Бонго-3” загварын автомашин, З /42 настай эмэгтэй/-гийн “Тоёота Приус-30” загварын автомашин /1 том хүн, 0-13 насны 5 хүүхэдтэй/-тай цасанд сууж шатахуун нь дуусч бага зэрэг осгосон байсныг 1 цаг 30 минут ажиллаж татан гаргаж Багануур дүүрэгт гэрт нь тээвэрлэн хүргэсэн.

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Чулуут багийн “Тэнхэлгийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 125 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км/-т Суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 12.12-ны өдрийн 18:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Чулуут багаас Жаргалтхаан сумын төв рүү 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Ц-ын “Пробокс” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 40 минут ажиллаж гаргасан.

Нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрлэлийн бүсд суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 12.12-ны өдрийн 21:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б /36 настай, эрэгтэй/, У /30 настай, эмэгтэй/, О /20 настай, эмэгтэй/, Э /1 настай, эмэгтэй/ нар Санёонг загварын суудлын автомашинтай цасанд суусан байсныг 20 минут ажиллаж татан гаргасан.

Төв аймгийн Мөнгөнморьт сумаас Багануур дүүрэг явах замд Суудлын автомашинтай 2 хүн цасанд боогдсон, автомашин нь асахгүй байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 22:00 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход дуудлага өгсөн иргэд автомашинаа гаргаж Багануур дүүрэг рүү явсан гэж мэдэгдсэний дагуу тухайн хаягнаас буцах замд Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат иргэн Л /42 настай, эрэгтэй/, Б /52 настай, эрэгтэй/ нар “Киа Бонго-3” загварын автомашинтай цасанд сууж автомашин нь эвдэрч осголтын байдалтай байсныг Багануур дүүрэгт тээвэрлэн хүргэсэн.

Төв аймгийн Эрдэнэ сумын Оргил багийн “Мэргэн Таньюкийн хөшөө” гэдэг газар Суудлын автомашин цасанд суусан, нялх хүүхэдтэй явж байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 21:40 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг иргэн М /33 настай, эрэгтэй/, “Тоёота Акуа” загварын автомашин /зорчигч 2 хүүхэд, 2 том хүн/-тай Төв аймгийн Эрдэнэ сумаас Налайх дүүрэг рүү явах замд автомашин нь цасанд суусан татаж гаргах боломжгүй тул автомашиныг үлдээн бага зэрэг осгосон байсан 5 иргэнийг Налайх дүүрэг рүү тээвэрлэн хүргэсэн.

Төв аймгийн Эрдэнэ сумын Өвөржанчивлан сувиллын орчим 2 автобус 49 хүнтэй цасанд суусан байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 21:05 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Өвөржанчивлангийн сувилал руу явж байсан Хюньдай Коунтри загварын автобус, Хюньдай Старекс загварын автомашин, Ниссан Патрол, “Ланд Круйзер-200” загварын автомашин, “Rx-350” загварын суудлын 5 автомашинтай 49 иргэн цасанд суусан байсныг 2 цаг ажиллаж татан гаргаж иргэдийг сувилалын байрлалд тээвэрлэн хүргэсэн.

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Жаргалант багийн “Өлзийт-Овооны Ар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км, сумын төвөөс баруун урд зүгт 30 км/-т суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 12.13-ны өдрийн 01:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Г-ийн “Приус-30” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 40 минут ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top