Өргөсөн тангарагтаа үнэнч байж чадах дайчин хүнийг аврагч гэдэг

313214973_1194139654838591_4162075366171673648_n-scaled.jpg

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас “Шилдэг ахлагч-2022” мэргэжлийн тэмцээнийг зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээний тэргүүн байрт Эрэн хайх, аврах салбарын аврагч-химичин, дэд ахлагч Ч.Өвгөнхүү, дэд байрт Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлагч Г.Нямсүрэн,  гутгаар байрт Эрэн хайх, аврах салбарын аврагч-усчин, дэд ахлагч Б.Цэрэнбалдан нар шалгарсан байна. Ингээд шилдэг аврагчдынхаа “Аврагч хүн ямар байх ёстой вэ” гэсэн асуултад хэрхэн хариулсныг сонирхуулья.

ЭРЭН ХАЙХ АВРАХ САЛБАРЫН АВРАГЧ ХИМИЧИН, ДЭД АХЛАГЧ Ч.ӨВГӨНХҮҮ: Мэргэжилдээ эзэн болсон хүнийг аврагч хүн гэдэг. Богино хугацаанд шуурхай зөв шийдвэр гаргаж чаддаг байх чадвартай байх ёстой. Онцгой байдлын байгууллагад үүрэг гүйцэтгээд 3 жил болж байна. Энэ хугацаанд аймгийн хэмжээнд зонхилон тохиолддог зам тээвэр, үер, ус, ой, хээрийн түймэр, мал, амьтны гоц халдварт өвчин, усны ослын 30 гаруй удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 120 гаруй иргэний амь насыг авран хамгаалаад байна. Аав, ээжийн юм уу хэн нэгний хариуцлагагүйгээс болж зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа бага насны хүүхдийг харах хамгийн хэцүү.  Олон жил ажилласан туршлагатай ах нараасаа суралцаж, зохион байгуулж байгаа дадлага сургуульд тогтмол оролцож, мэргэлийн ур чадвараа дээшлүүлдэг. Дуудлагаас дуудлагад туршлагажиж, алдаа гарахгүй байхын төлөө хичээн ажиллаж байна. Гал унтраах техникийн олон төрөлт спортоор хичээллэн, аймаг, бүс, улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа. Мөн сагсан бөмбөг тоглох дуртай. Орон нутгаас зохион байгуулдаг тэмцээн, уралдаанд баг хамт олноороо тогтмол оролцож, амжилт үзүүлдэг. Миний гэр бүл намайг маш сайн дэмжиж, тусалдаг болохооор шантрах эрх байдаггүй.

ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 12 ДУГААР АНГИЙН АВРАГЧ ГАЛ СӨНӨӨГЧ, АХЛАГЧ Г.НЯМСҮРЭН:  Аюулд өртсөн иргэдийн амь нас, эд хөрөнгийг аврахын тулд өөрийн ам насыг үл хайрлан тэмцдэг хүнийг аврагч гэдэг.  Аврагч хүн өөрийн хэрэглэдэг багаж хэрэгсэл болон гүйцэтгэх үүргээ сайн мэддэг байх ёстой гэж боддог. Онцгой байдлын албанд 4 дэх жилдээ ажиллаж байна. Үүрэг гүйцэтгэх хугацаандаа ахуйн гал түймрийн 64, ой, хээрийн түймрийн 2 удаагийн дуудлагаар  ажилласан. Том, жижиг гэлтгүй сургамж, туршлага хуримтлуулдаг болохоор дуудлага бүр онцлогтой.  Байгууллагаас зохион байгуулдаг сургалт дадлагад тогтмол хамрагдаж, туршлагатай ах нарыхаа зөвлөгөө, аргазүйгээр мэргэжлийн ур чадвараа дээшлүүлдэг. Гал унтраах техникийн олон төрөлт спортоор хичээллээд жил гаруй болж байна. Энэ жил анх удаагаа улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Цаашид амжилт үзүүлэхийн төлөө тууштай хичээллэнэ. Алба, мэргэжлээрээ бахархдаг учраас шантардаггүй. Төрийнхөө соёмбыг тэргүүндээ залсан юм чинь зүтгээд л байна даа.

ЭРЭН ХАЙХ АВРАХ САЛБАРЫН АВРАГЧ УСЧИН, ДЭД АХЛАГЧ Б.ЦЭРЭНБАЛДАН: “Өргөсөн тангарагтаа үнэнч байж чадах дайчин хүнийг аврагч гэдэг. Энэрэнгүй, бусдыг ялгаварлахгүй хандаж чаддаг тэвчээртэй байх нь аврагч хүнд байх хамгийн энгийн зарчим гэж боддог. Хүн ард, нутгийнхаа аюулгүй байдлын төлөө тангараг өргөөд 3 жил болж байна.  Анх аврагч-гал сөнөөгчөөр томилогдоод одоо усчин-аврагчаар үүрэг гүйцэтгэж, 70 орчим иргэний амь насыг авран хамгаалсан. Дуудлага бүрийн цаана хүний амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал байгаа учраас алдах эрхгүй. Бас шантрах зориг байдаггүй. Би чинь тангараг өргөсөн аврагч хүн шүү дээ гээд л зүтгэдэг дээ. Чадахгүй, мэдэхгүйгээс  суралцаж чадвартай болдог шүү дээ. Тиймээс спорт, урлаг гээд бүх л зүйлд өөрийгөө сорих дуртай.

Эх сурвалж: Онцгой мэдээ сонин

scroll to top