Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Өмнөговь, Ховд аймгийн нутгаар цас орсон. Бусад аймгийн нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -24-29 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Ерөө голын хөндийгөөр -18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -9-14 градус, бусад нутгаар -15-20 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшиж, цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, -16-18 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 16-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-ны өдөр нутгийн зүүн хэсгээр, 19-ны өдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38-43 градус, өдөртөө -28-33 градус, Их нууруудын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -31-36 градус, өдөртөө -20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18-23 градус, өдөртөө -11-16 градус, бусад нутгаар шөнөдөө -24-29 градус, өдөртөө -15-20 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 10:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлсийн Гал  түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 10:14 цагт очиход иргэн Д-гийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.    

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 19:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 20:06 цагт очиход иргэн Д-гийн 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Багахангай дүүргийн 1 дүгээр хороонд айлаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 00:46 цагт хүлээн авсан. Тус дүүргиийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 1 км 00:48 цагт очиход иргэн С-ийн байрны зочны болон гал тогооны өрөөний үүдний хэсэгт эд, хогшил шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсийн 4, 5 дугаар давхраас 11 хүнийг аюулгүй газарт гаргаж,  Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн.       

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 01:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 01:30 цагт очиход иргэн М-ийн 6х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.   

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Москва” хороололд харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 01:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 01:51 цагт очиход 2х2 метрийн хэмжээтэй харуулын байр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.  

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Гүнт” зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн  дуудлагыг 12.15-ны өдрийн 02:07 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 02:17 цагт очиход иргэн У-гийн 5х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 39 минут ажиллаж унтраасан.  

 Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы гудамжны задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 06:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 06:35 цагт очиход иргэн Ц-гийн 4 ханатай гэр шатаж байсныг 2 минут ажилаж унтраасан. Уг гал түймэрт З /29 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, гэртээ ганцаараа байсан/ өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 21:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 21:30 цагт очиход иргэн Ш-ийн 4х5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.         

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлтХөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 372 км, сумын төвөөс баруун урд зүгт 43 км-т/ 12.15-ны өдрийн 01:10 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс мөн өдрийн 01:19 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын орлогч, Хороо багийн Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсонСүхбаатар аймгийн Онгон сумын 2 дугаар баг, Шар бүрд гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 120 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/-т Баруун-Урт сумын харьяат иргэн Ц нь 12.12-ны өдрийн 20:00 цагийн орчимд Онгон сумаас Баруун-Урт сумын чиглэлд “Портер” загварын ачааны автомашинтай явахаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.13-ны өдрийн 14:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Онгон сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 12.14-ний өдрийн 09:00 цагаас иргэн Ц /65 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад тухайн иргэн өөрөө аймгийн Онцгой байдлын газар руу 10:10 цагт холбогдож, Онгон сумын Шар бүрд багийн “Хоньчны хөндий зам” гэдэг газар автомашин нь эвдэрч хээр хоносон бөгөөд одоо замын унаанд дайгдан Баруун-Урт сумын чиглэлд явж байгаа тухай мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Ховд аймгийн Чандмань сумын Урд гол багийн “Угалзын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 120 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ тус сумын харьяат малчин Б 12.14-ний өдрийн 10:00 цагийн орчим явганаар малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 22:29 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, ар гэрийнхэн малчин Б /34 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 16:00 цагаас зохион байгуулж, 12.15-ны өдрийн 00:25 цагт тухайн малчныг тус сумын Урд гол багийн “Дэвшийн-Ам” гэдэг газар /сураггүй болсон газраас 5 км-т/-аас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд хүлээлгэн өгсөн. Хүч нэмэгдүүлэн ажиллахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 00:09 цагт ангиас хөдөлснийг замаас нь буцаасан.

Бусад төрлийн осол /аюул/Увс аймгийн Зүүнхангай сумын Жаргалант багийн  “Бэрхийн булаг” гэдэг газар тус сумын харьяат малчин П-ийн 60 орчим бог мал хад хясаа руу гараад буулгаж чадахгүй байна, буулгаж өгнө үү гэсэн хүсэлтийг 12.14-ний өдрийн 11:45 цагт хүлээн авсан. Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид 40 км замыг туулан 13:28 цагт очиход малчин П-гийн 45 бог мал 40 орчим метрийн өндөртэй хадан хясаа руу гараад буух боломжгүй байсныг аврах олс ашиглан 5 цаг ажиллаж буулгасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top