1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Ховд аймагт цас орж, Баянхонгор, Өмнөговь аймагт шороогоор шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -21…-26 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Халх голын хөндийгөөр -15…-20 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -12…-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2…-7 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -25…-27 градус, бусад хэсгээр -20…-22 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд говь, тал, хээрийн нутгаар, 23-нд Алтайн уулархаг нутгаар, 24-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -22…-27 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -15…-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө +1…-4 градус, бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -8…-13 градус хүйтэн байна.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 16 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.19-ний өдрийн 11:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын “Хьюндай Портер” загварын автомашины хөдөлгүүр хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Залуучууд багийн 1 дүгээр хэсэг /аймгийн төвөөс зүүн зүгт 27 км, сумын төвд/байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.19-ний өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 10х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Увс аймгийн Сагил сумын Өндөр мод багийн “Цагаан шугуйт” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 36 км-т, Ө-50°17’24.0”, У-91°06’36.0”/ 12.20-ны өдрийн 06:24:07 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс 06:32 цагт цахим шуудангаар ирүүсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Сагил сумын Засаг дарга тус багийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2 дугаар багийн Цагаан хөтөл гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 108 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км/-т 12.19-ний өдрийн 13:30 цагийн орчим иргэн Б төөрсөн, осгосон байдалтай олдсон. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид тус сумын Цагаан хөтөл гэдэг газар автозамын цасыг цэвэрлэж зам гаргаж байх явцад иргэн Б /39 настай, эрэгтэй/-ыг төөрсөн, осгосон байдалтай байсныг олж Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төвд тээвэрлэн хүргэсэн.
Мөс цөмөрч суусан: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн “Хожуулын гол” /аймгийн төвөөс зүүн зүгт 186 км, сумын төвөөс урд зүгт 5 км/-д ачааны автомашин голын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг 12.19-ний өдрийн 13:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н/32 настай, эмэгтэй/-ийн “Хьюндай Портер” загварын автомашин “Хожуулын гол”-ын мөсөнд цөмөрч суусан байсныг 1 цаг 26 минут ажиллаж татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР