Европ тивийн зах зээлд байгалийн хий дамжуулах зориулалттай, ОХУ-ын баруун бүс нутгийг дамнан оршдог хоолойд өчигдөр гал гарч, дэлбэрсний улмаас гурван хүний амь үрэгджээ.
Уренгой-Помары-Ужгород чиглэлийн дамжуулах хоолойн Москва хотоос зүүн зүгт 600 км зайтай оршдог Ямбахтино тосгоны ойролцоо хэсэгт төлөвлөгөөт засвар үйлчилгээ хийх үеэр дэлбэрэлт болсон байна.
“Урьдчилсан мэдээллээр ослын газарт дөрвөн хүн ажиллаж байсны гурав нь гэнэтийн дэлбэрэлтийн үеэр харамсалтайгаар амь үрэгджээ. Амьд үлдсэн жолооч ухаан ороогүй байна” гэж бүс нутгийн захирагч Олег Николаев телевизээр ярьжээ.
Ослын улмаас хийн нийлүүлэлт тасалдаагүй, зэрэгцээ хоолойгоор үргэлжилж байгааг Газпром компанийн төлөөлөгч мэдээлсэн байна.
Онц ноцтой гэмт хэргүүдийг шалгадаг ОХУ-ын холбооны мөрдөн байцаах товчоо “үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөн” асуудлаар хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Дээрх хоолой нь Украины нутаг дэвсгэрээр дайрдаг бөгөөд Европын зах зээлд байгалийн хий дамжуулах гол дэд бүтцүүдийн нэг юм.
Украины дайнтай холбоотой Өрнөдийн эдийн засгийн хоригийн хариуд ОХУ хийн нийлүүлэлтээ эрс багасгаад байгаа билээ.
Эх сурвалж: AFP