Онцгой байдлын газрын үйл ажиллагаа 98,5 хувийн биелэлттэй дүгнэгдэв

320230452_1559351594530454_5446406519552625866_n___lg_878_585.jpg

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газар нь 2022 оны тайлангаа танилцууллаа.

Тус газраас алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, сургалтын чанарыг дээшлүүлэх, албанд хандах хандлагыг нэмэгдүүлэх, Гамшгийн эрсдэлийн үнэлгээнд суурилсан төлөвлөгөөг сайжруулах,сургалт сурталчилгааг хүртээмжтэй зохион байгуулах гэсэн хоёр зорилтыг дэвшүүлэн 59 арга хэмжээг хэрэгжүүлж, 98,5 хувьтай биелэлттэй дүгнэгдсэн юм.

 Аймгийн Засаг дарга, Монгол Улсын Шадар сайдтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулж, орон нутгийн түвшинд гамшгийн менежментийг сайжруулах, хот суурин газрын гамшгийн эрсдэлийг даван туулах чадавхыг бэхжүүлэх зорилгоор “Дэлхийн зөн Монгол” ОУБ-тай хамтран “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийг Баян-Өндөр сумын Дэнж, Шанд, Баянцагаан Их залуу, Булаг, Баянбулаг гэсэн зургаан багт хэрэгжүүллээ.

Төсөл хэрэгжсэн зургаан багт гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж, 6000 гаруй өрхийн эрсдэлийг үнэлсэн байна. Тухайлбал, Шанд багт автомашины гүүрэн гарц, Баянбулаг багт гудамж, өрхийн хаягжилт, бусад дөрвөн багийн зорилтот 178 өрхийн цахилгааны дотор, гадна монтажийг солих, аймгийн хэмжээнд 20 цугларах цэгийн хаягжилт зэрэг үйл ажиллагаанд 150 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ.

 Орон нутгийн 215 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тийрэлтэт завь, 32 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүс, аймаг орон нутгийн хэмжээнд ашиглах эрэн хайх, аврах үйл ажиллагаанд ашиглах усны мотоцикль зэргийг худалдан авч, техник хэрэгслийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн.

 Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн байрлалд орон нутгийн 118 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 4 замтай сургалтын цамхаг байгуулж, парк шинэчлэлийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас энэ онд 4 автомашин олголоо.

Түүнчлэн Аймгийн Онцгой комиссын 9 удаагийн хурлыг зохион байгуулж, 19 асуудлыг хэлэлцэн шийдвэрлүүлсэн.

Энэ үеэр  аймгийн удирдлагууд 2023 онд алба хаагчдын нийгмийн асуудал болоод Эрдэнэ багт шинээр байгуулах салбар ангийг бэхжүүлэхэд анхаарах ажиллахыг зөвлөлөө гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top