Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр -20…-25 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -14…-19 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3…-2 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27…-29 градус, бусад хэсгээр -20…-22 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 24-нд  баруун  аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн  аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26- нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд зарим газраар, 26, 27-нд нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар хүйтэрч,  Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35…-40 градус, өдөртөө -25…-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим,  Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  шөнөдөө  -28…-33 градус,  өдөртөө -18…-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -15…-20 градус хүйтэн, өдөртөө -5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -12…-17 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 28 дугаар хороо, “Голден парк-2” хотхоны 302 дугаар байрны гадна хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 17:17 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны гадна 2х3 метрийн хэмжээтэй хогийн цэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

– ААН, байгууллагын өмчид гарсан: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багийн “Баян хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 215 км, сумын төвөөс хойд зүгт 4 км/-т гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 12:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ын 5 ханатай гэрийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 18 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 10:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 3х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top