Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нутгаар цас орно. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -23-28 градус, Орхон, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6-11 градус, бусад нутгаар -13-18 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, цас орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, -15-17 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 27-ны өдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-ны өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-ний өдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 30-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар 5-10 м/с, нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -36-41 градус, өдөртөө -25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -29-34 градус, өдөртөө -19-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -16-21 градус, өдөртөө -7-12 градус, бусад нутгаар шөнөдөө -22-27 градус, өдөртөө -13-18 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн баруун талын автозамын  хажууд Түргэн үйлчилгээний цэг шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 11:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 3х6 метрийн хэмжээтэй түргэн үйлчилгээний цэгийн шалны хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Цэнгэл баг аймгийн төвөөс зүүн зүгт 64 км-т, сумын төвд/ 12.25-ны өдрийн 12:00 цагийн орчим байшин шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 13:12 цагт хүлээн авсан. Иргэн Д-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшин шатсаныг Тосонцэнгэл сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Монелийн 29 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 23:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 4х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.     

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 39 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 00:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 24 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 01:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 5х8 метрийн хэмжээтэй байшингийн хана шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.          

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:     

Газар хөдлөлт: Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Улаан шороот багийн “Хүрээт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 70 км-т, сумын төвөөс зүүн зүгт 26 км-т, Ө-44°46’12.0”, У-109°21’00.0”/ 12.26-ны өдрийн 06:06:26 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 06:14 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Сайхандулаан сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Бүдүүн чулуутын гарам” гэдэг газар суудлын автомашин гулгаад жалга руу унах гэж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 13:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын “Приус-20” загварын суудлын автомашин уулын налуу хэсэгт гулгаж, жалга руу унаж болзошгүй байсныг 10 минут ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top