Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод, Сүхбаатар аймгийн нийт нутгаар, Дархан-Уул аймгийн Шарынгол суманд цас орсон. Улаанбаатар хот болон бусад аймгуудын нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -19…-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -7…-12 градус, бусад нутгаар -13…-18 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29…-31 градус, бусад хэсгээр -23…-25 градус, өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 31-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -23…-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -18…-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна. 31-нд нутгийн хойд хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 3 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 07:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 8х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 10 дугаар гудамжинд авто засварын газар шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 11:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 10х15 метрийн хэмжээтэй “Амортизатор засвар”-ын төвийн гадна талын хана шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Цагаан-Эрэг багийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 12:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 10х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 58 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороолол барилгын 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 18:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ын 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ тосгон хэсгийн 4 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 22:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-ын 5×4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 01 цаг 24 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 29 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 21:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ын 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хөндий шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Наран багийн Зост гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 9 км, сумын төвд/ Тус сумын харъяат малчин Х, Ц нар 12.26-ны өдрийн 17:00 цагийн үед мотоциклтой малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.26-ны өдрийн 21:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн малчин Х /70 настай, эмэгтэй/, Ц /16 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 19:00 цагаас эхлүүлж гэрээс нь зүүн урд зүгт 2 км зайтай газраас асаалттай мотоциклыг нь олсон. Тус сумын Наран багийн “Халуун хошуу”, “Босгын хороо”, “Хүрэн зэл” гэдэг газруудаар 10 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад тухайн иргэд өөрсдөө гэртээ эсэн мэнд очсон гэсэн мэдээллийг мөн өдрийн 22:58 цагт авсанаар эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо, “Хар чулуутын-Ам” гэдэг газар 1 том хүн, 2 хүүхэд сураггүй болсон тухай дуудлагыг 12.26-ны өдрийн 18:23 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид иргэн И /42 настай, эмэгтэй/, Э/9 настай, эмэгтэй/, М /4 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 19:50 цагаас эхлүүлж Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М-д байхад нь олж нөхөр О-д хүлээлгэн өгсөн. Алга болсон иргэдийг хайх замд цасанд суусан “Тоёота Приус-20” автомашин /3 зорчигчтэй/, “Мазда Демио” загварын автомашин /4 зорчигчтэй/-ыг татан гаргасан.

Цас шаварт суусан: Дорнод аймгийн Сэргэлэн сумын Очирхүрээ багийн ”Бүдүүн-Өлийн Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 28 км, сумын төвөөс зүүн урд зүгт 47 км/-т Ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 12.26-ны өдрийн 07:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход тус аймгийн Хэрлэн сумаас Цагаан-Овоо сумын чиглэлд зорчиж явсан иргэн У-ийн “Ниссан Патрол” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 10 минут ажиллаж татан гарган, иргэн Х-ийн “Портер” загварын ачааны автомашин /2 зорчигчтой/, Б-ийн “Приус-20” загварын суудлын автомашин /1 зорчигчтой/ цасанд суусан байсныг 20 минут ажиллаж тус тус татан гаргасан.

Нийслэлийн Багахангай дүүргийн 2 дугаар хороо, “Гурвын гүүр” гэдэг газар автомашин цасанд суусан гэх дуудлагыг 12.26-ны өдрийн 03:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У /33 настай, эрэгтэй/ нарын 6 хүн, /үүнээс 2 хүүхэд/ “Тоёота Гранд марк-2” загварын суудлын автомашинтай цасанд суусан байсныг 20 минут ажиллаж татан гаргасан.

4.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:     

Газар хөдлөлт: Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр багийн “Шарга” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 125 км-т, сумын төвөөс урд зүгт 17 км-т, Ө-45°48’36.0”, У-101°24’36.0”/ 12.27-ны өдрийн 06:56:16 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 07:03 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Нарийнтээл сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top