Н.Түвшинтөгс: Аврал эрсэн хэнд ч гэсэн чин сэтгэлээсээ туслах зориг зүрхтэй байх ёстой

318857765_864532554737873_5621832713559652744_n.jpg

   НОБГ-ын “Оны шилдэг гал сөнөөгч”-өөр шалгарсан Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Н.Түвшинтөгсийг энэ удаагийн “Аврагчийн хөрөг” буландаа урьж, ажил, амьдралынх нь амжилт бүтээлийн тухай яриа өрнүүллээ.

-Угтан золгох шинэ он амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг бэлгэдэж байна. Баяр хүргэе?

 Баярлалаа. Улиран одож байгаа 2022 он амжилт, бүтээлээр дүүрэн сайхан жил болж өнгөрч байна. Мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж, тусалж, дэмждэг удирдлага, хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна.

– Өргөсөн тангарагтаа үнэнч байж, залуучуудаа үлгэрлэн манлайлж байгаа танд ч гэсэн баярлалаа?

Анх 2008 онд цэргийн хүн болох мөрөөдлөө биелүүлж, тангараг өргөж байлаа. Хүмүүс гал гарлаа гээд айж, сандарч зарим нь зугтдаг бол гал сөнөөгчид л улаан гал руу орж, аюулыг дардаг баатрууд шүү дээ. Ийм л бодлоор анх энэ албыг сонгож байсан. Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангиас ажлын гараагаа эхлүүлж, тус ангидаа 11 жил ажиллаад 2019 оноос Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги руу шилжин өнөөг хүртэл 14 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа. Ажиллах хугацаандаа 1800 гаруй томилгоот ээлжинд үүрэг гүйцэтгэж, ахуйн гал түймрийн 2500 гаруй, ой, хээрийн 30 гаруй дуудлагаар ажиллаж, 50 гаруй иргэний амь насыг авран хамгаалсан байна. Эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа минь нэр төрийн хэрэг гэж боддог.

-Дуудлагаас дуудлагад туршлагажиж арга тактикаа зөв хуваарилдаг болсон гээд жил ирэх бүр л өөрчлөлт бас ажиглагдана биз?

Ялгаа байлгүй яахав. Гэхдээ аврагч  хүн үүрэг гүйцэтгэж байгаа бүхий л цаг хугацаандаа суралцаж л байдаг. Суралцсаар байгаад л халаагаа хүлээлгэж өгнө дөө.

Шантарсан ч даваад гарах сэтгэлзүйн бэлтгэлтэй, шалтгаан тоочоод байдаггүй аюулыг сөрөн зогсдог гээд аврагч хүний тодорхойлолт хүртэл онцлог юм даа?

Хэдийгээр тэсвэр, тэвчээр, зориг, ухаан шаарддаг ч сэтгэлгүй бол хэзээ ч амжилт олохгүй. Өөрөөр хэлбэл зорьсон зорилго, өргөсөн тангарагтаа эзэн нь байж, аврал эрсэн хэнд ч гэсэн чин сэтгэлээсээ туслах зориг зүрхтэй байх ёстой. Ард иргэдээс баярлалаа гэдэг үг сонсох үнэхээр  сайхан мэдрэмж. Энх цагийн эгэл баатрууд гэж хүндэлдгийн илэрхийлэл байх л гэж бодож, урам зоригийг авдаг даа.

– Албаны хэмжээнд зохион байгуулж байгаа уралдаан, тэмцээнд тогтмол оролцож, амжилт үзүүлж байгаа харагддаг. Өөрийгөө сорих, ур чадвараа дээшлүүлэх том боломж гэж ойлгодог?

Тэгэлгүй яахав. Гал унтраах техникийн олон төрөлт спортоор анх албанд орсон цагаасаа хичээллэсэн. 2017 онд багаараа байлдааны тархалтын төрөлд аваргын алтан медалийг хүртэж байлаа. Нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын дунд жил бүр зохион байгуулдаг марш-тусгай бэлтгэлийн тэмцээнээс 2015, 2016 онд хошой мөнгө, 2017 онд хүрэл, 2019 онд аваргын цомын эзэд болсон.  Хэдийгээр багийн ажиллагаа чухал ч гэсэн хувь хүн бүрийн оролцооноос хамаардаг. Аврагч хүн ямар чадвар эзэмшсэн байх ёстойг энэ хоёр тэмцээн харуулж, туршлага дадлага олгодог.

-Гэр бүлээрээ үүрэг гүйцэтгэж байгаа Онцгой хосуудын төлөөлөл. Эхнэртэйгээ хэрхэн танилцаж байв?

Ханийг маань Н.Сарангарав гэдэг. Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангид няраваар ажилладаг. Аравдахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа. Ханьтайгаа гэр бүл болоод 5 жил болж байна. Хоёр хүүтэй. Энэ жил хань маань “Шилдэг нярав”-аар шалгарсан. Хийж, бүтээсэн ажлаараа нэг онд нэг өдөр хамтдаа шилдэг болсондоо маш их баяртай байна. Түгшүүр аваад хамтдаа гарах, үүрэг гүйцэтгэх хугацаанд бие биенээ нөхөх, дэмжих гээд маш олон давуу талтай.  Хүүхдүүд маань бага болохоор том болоод аав шигээ хүн болно гэдэг юм. Том болоод өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Гэхдээ өөрийнх нь мөрөөдлийг л дэмжинэ гэж боддог.

-Ингэхэд та аль нутгийн хүн билээ?

Улаанбаатар хотод төрж, өсөж, ажиллаж, амьдарч байна. Аав маань Төв аймгийнх. Ээж маань Архангайх. Эхээс есүүлээ. Айлын наймдахь хүүхэд. Дөрөвдүгээр ангиасаа наймдугаар анги хүртэл чөлөөт бөхөөр хичээллэж байсан. Спорт хүнийг тууштай болгож, сэтгэлзүйн хувьд маш сайн бэлтгэдэг. 

Дуртай зүйлээ  хөгжүүлж  чадсан хүн хийж байгаа зүйлдээ  сэтгэл ханамжтай, амжилттай явдаг гэдэг. Таны хобби юу вэ?

Цаг цуглуулах сонирхолтой. Одоогоор 10 гаруй цагтай болсон байна. Сонирхолтой, өвөрмөц санагдвал худалдаж авна. Найз нөхөд, гэр бүлийнхэн бас бэлэглэнэ. Чөлөөт цаг гарвал сагс, гар бөмбөг тоглох дуртай.

-Шинэ жилээр ээлжтэй таарах тохиолдол олон биз?

Тэгэлгүй яахав. Энэ жил 31-нд ээлжтэй таарч байна. Энэ л бидний мэргэжлийн онцлог шүү дээ. Гэхдээ ямар ч үед ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангаад ажиллана гэдэг сайхан шүү.

Танд болон танай гэр бүлд шинэ оны мэнд хүргэе.Сайхан баярлаарай?

   Баярлалаа. Намайг дэмждэг Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн удирдлага, хамт олондоо баярлалаа. Зорилго нэгт, тангараг нэгт, үүрэг нэгт мөрдэснүүддээ удахгүй болох шинэ оны баярын мэнд дэвшүүлье. Санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэж, эрүүл энх байхын ерөөлийг өргөж байна.

Эх сурвалж: Онцгой мэдээ сонин

scroll to top