Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -19…-24 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -15…-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5…-10 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунaaс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29…-31 градус, бусад хэсгээр -22…-24 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 1-р сарын 2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -15…-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна. 2-ноос ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Говь-Алтай аймгийн Тайшир сумын Наран багийн “Цав шанд” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 30 км, сумын төвөөс баруун зүгт 20 км/-т Ачааны автомашины дугуй шатаж, ачаа руугаа орох гэж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 15:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн эзэмшлийн “Норд Бенз” загварын /50 тн/ ачааны автомашины 4 дугуй шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн Суваргын 25 дугаар гудамжинд дугуй засвар шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 20:53 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн Б-ын 4х6 метрийн хэмжээтэй дугуй засварын газрын дотор тал, эд зүйлс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 21:09 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн Б-ын 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, дотор тал шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Шархадны гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 23:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн И-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Ногоон талбайн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 00:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top