Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Завхан, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар цас орж, бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх орчмоор -25…-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -21…-26 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4…-9 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр -9…-14 градус, бусад нутгаар -16…-21 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 1-6 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -36…-38 градус, бусад хэсгээр -27…-29 градус, өдөртөө -19…-21 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 4-нд Алтайн уулархаг нутгаар, 5-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 5-нд Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 6-7-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35…-40 градус, өдөртөө -23…-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -16…-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -12…-17 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2.Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 18 дугаар байр хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 17:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход хогийн цэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 24 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 12:14 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын “Хонда Фит” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 12:46 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 5х9 метрийн хэмжээтэй байшингийн дотор тал шалны хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баян багийн 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 15:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ийн 12х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 49 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Майхантын 8 дугаар гудамжинд байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 16:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 6х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн яндангийн хэсэг шатаж байсныг 49 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 3 дугаар хэсгийн 26 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 20:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн 1х1 метрийн хэмжээтэй галлагааны өрөө шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 45 дугаар байрны дэргэд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 00:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн П-ийн “Соната-6” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт багийн Ойчдын 3 дугаар гудамжинд /аймгийн төвөөс зүүн урд зүгт 56 км, сумын төвөөс зүүн урд зүгт 2 км/-т Өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 01:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 3х4 метрийн хэмжээтэй өвөлжөө, 4 тн өвс тус тус шатаж байсныг 2 цаг 46  минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Микийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 03:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн 5х3 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багийн “Гудгарын-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 302 км, сумын төвөөс баруун урд зүгт 52 км, Ө-42°46’12.0”, У-108°45’36.0”/ 01.02-ны өдрийн 19:14:38 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 19:21 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Хатанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон Халив багийн Засаг дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Яармагийн автозамд зам тээврийн осол гарч автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 01.02-ны өдрийн 09:15 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход “Форд” загварын автомашин, “Сонато-6” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, иргэн Х /22 настай, эрэгтэй/-ын баруун хөл автомашины эд ангид хавчуулагдаж, шагай хэсгээр хугарсан байсныг 17 минут ажиллаж эсэн мэнд гарган НЯТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top