Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 4-9 м/с, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр -24…-29 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -20…-25 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар -3…-8 градус, бусад нутгаар -12…-17 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод:   Үүлшинэ, цас хялмаална, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж  1-6 м/с, -15…-17 градус хүйтэн байна.

Төлөв байдал:   6-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар, 7, 8-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 9-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи 6, 7-нд нутгийн зарим газраар, 8-нд говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. 6-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -13…-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -11…-16 градус хүйтэн, өдөртөө -2 градус хүйтнээс +3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны “Задгай” хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 11:09 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийналба хаагчид очиж 5 минут ажиллаж унтраасан.  

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Хөөвөр багийн “Чулуун” хорооллын 6 дугаар гудамжинд тус сумын харьяат иргэн Б-ийн 5 ханатай гэр 01.04-ний өдрийн 13:20 цагт шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Иргэн Б-ийн 5 ханатай гэр шатсаныг орон нутгийн иргэд ажиллаж унтраасан тухай мэдээллийг Цагаан-Овоо сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт 13:36 цагт ирүүлсэн.   

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 16:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар  ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 4х10 метрийн  хэмжээтэй байшингийн халаалтын шугамын дулаалга шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны “Нүхт”-ийн 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 20:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 8х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны 35 дугаар байрны өргөтгөлд дэлгүүрийн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 02:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 6х5 метрийн хэмжээтэй дэлгүүрийн барилга шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.   

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Цас шаварт суусан: Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн ”Дөчийн шороо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 40 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/   2 суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.05-ны өдрийн 01:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход тус аймгийн Цагаан-Овоо сумаас Хэрлэн сумын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Э-ын “Марк-х Зио” загварын суудлын автомашин, мөн чиглэлд зорчиж явсан иргэн Д-ын “УАЗ-220692” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 04:20 цагт цаснаас татан гаргасан. Буцах замдаа мөн чиглэлд зорчиж явсан иргэн Э-ын “Бонго-2” загварын ачааны автомашин, Б-ын “ND4250 Норд бенз” загварын ачааны автомашин, Б-ын “Портер” загварын ачааны автомашин, Г-ийн “Пронтер” загварын ачааны автомашин цасанд суусан байсныг тус тус татан гаргасан.  

  ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top