Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 4-9 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүртэл ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө,Туул, Хэрлэн голын хөндийгөөр -13-18 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр +1+6 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн хэсэг болон цас багатай газраар +1-4 градус, бусад нутгаар -4-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс 2-7 м/с, -6-8 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 11-ний өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 13-ны өдөр говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-ний өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11-ний өдөр Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 12-ны өдөр нутгийн зарим газраар, 13-ны өдөр говь, талын нутгаар 15-17 м/с, түр зуур 24 м/с  хүртэл ширүүснэ. 12-ны өдрөөс баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38-43 градус, өдөртөө -30-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -33-38 градус, өдөртөө -22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -20-25 градус, өдөртөө -10-15 градус, бусад нутгаар шөнөдөө -25-30 градус, өдөртөө -16-21 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багийн Баянбулагийн 1 дүгээр гудамжинп өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 01.09-ний өдрийн 06:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 8х20 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 1 цаг 47 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Сайхан сумын Угалз багийн “Арбулаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 115 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/ 01.09-ний өдрийн 08:00 цагийн орчим малчин Б-ийн шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 12:20  цагт хүлээн авсан. Тус сумын харьяат малчин Б-ийн 5 ханатай гэр, эд хогшил /эзэнгүй байсан/ шатсаныг малчин Э аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн Данзанваанчигийн 17 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.09-ний өдрийн 11:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 2.5х7 метрийн хэмжээтэй байшингийн 1.5х1.5 метрийн хэмжээтэй шалны хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Булагт хэсгийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.09-ний өдрийн 17:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ын 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 12 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг дахь “Күэн” рестораны гаднах автомашины зогсоол суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.09-ний өдрийн 17:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ын “Приус-30” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн задгай ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.10-ны өдрийн 01:40 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ийн 5х6 метрийн хэмжээтэй гараашийн  дээвэр, дотор нь “Стана” загварын ачааны автомашин, “Саня-200” загварын мотоцикл тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.      

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 363 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 36 км-т, Ө-51°16’12.0”, У-100°20’24.0”/ 01.09-ний өдрийн 23:44:54 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 23:53 цагт цахим шуудангаар хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Асгат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 20 км-т, сумын төвөөс зүүн зүгт 15 км-т 4 хүн самар түүж явснаас иргэн У 01.08-ны өдрийн 17:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг 01.09-ний өдрийн 01:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Булган сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн У /25 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 01.09-ний өдрийн 15:25 цагт Ихтамир сумын Хан-Өндөр багийн Их-Өлөнт гэдэг газарт төөрсөн явж байхад нь эсэн мэнд /сураггүй болсон газраас зүүн хойд зүгт 14 км-т, биеийн байдал хэвийн/ олж, Булган сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн. 

  ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top