Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл”-ийг 2023-2025 онуудад хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд зохион байгуулж байгаа гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, ойлголтыг олон нийтэд олгох “Бэлэн бай” сургалтын модуль хөтөлбөрөөр иргэдийг сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ.
Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэг, НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням, “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл”-ийн удирдагч Б.Оюунтуяа нар оролцож, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүссэн юм.
Сургалтад төсөл хэрэгжиж байгаа нийслэлийн зургаан дүүргийн 12 хорооны 100 гаруй иргэн хамрагдаж байна.
Хоёр өдөр үргэлжлэх тус сургалтаар болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, аюулгүй амьдрах арга ухаанд сургах, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах дадал, хандлагыг төлөвшүүлэх мэдлэг, мэдээллийг олгох юм.
Дашрамд дурдахад “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл”-ийг нийслэлийн 12 хороо, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Увс аймгийн 18 суманд хэрэгжүүлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.