Америкийн эрдэмтэд “TESS” хиймэл дагуулын цуглуулсан мэдээллийн тусламжтайгаар Дэлхийтэй ойролцоо хэмжээтэй гараг илрүүлсэн талаар АНУ-ын Агаарын уудам, сансрын нислэгийг шинжлэн судлах төв /NASA/ мэдээллээ.
“TOI 700 e” гэж нэрлэсэн гараг нь хэмжээгээрээ Дэлхийн 95 хувьтай тэнцэх бөгөөд чулуурхаг гадаргуутай бололтой байна. Одон орон судлаачид Дэлхийгээс ердөө 100 гэрлийн жилийн зайд орших “TOI 700” одой одны тойрог замаас урьд нь “b”, “c”, “d” гэсэн гурван гаргийг илрүүлээд байжээ. Харин “TOI 700 e”-г илрүүлэхэд дахин нэг жилийн хугацаа шаардагджээ.
“TOI 700” бол олон, жижиг, амьдрал байх боломжтой гараг бүхий бидний мэдэж байгаа цөөхөн хэдэн системийн нэг юм. Энэ нь нэмэлт ажиглалт хийхэд таатай боломж болж байна” гэж “NASA”-гийн мэргэжилтэн, судалгааг ахлан явуулсан Эмили Гилберт ярьж байна. Түүний хэлснээр, “е” гараг нь “d” гаргаас 10 орчим хувиар жижиг тул “TESS”-ийн ажиглалт улам жижиг ертөнцийг олоход хэрхэн хувь нэмрээ оруулж байгааг харуулж байгаа ажээ.
“TESS” Дэлхийн хойд тал бөмбөрцгийн тэнгэрийг ажиглах хоёр дахь жилийнхээ судалгааг саяхан дуусгасан тул мэдээллийн санд нь нуугдаж буй бусад сонирхолтой нээлтүүдийг тэсэн ядан хүлээж байгаагаа судлаачид тэмдэглэжээ.