Алтай сумын 42 өрхийн 11717 толгой мал өөр сум, аймгийн нутагт отроор өвөлжиж байна

9X1A9574.jpg

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханаар ахлуулсан УОК, ЭМЯ, ХХААХҮЯ, ОБЕГ зэрэг холбогдох байгууллагын алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг өвөлжилтийн нөхцөл байдал хүндрээд байгаа Ховд аймагт ажиллаж байна.

Ажлын хэсгийнхэн Ховд аймгийн өвөлжилт хүндрээд байгаа сумдын нэг болох Алтай суманд ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцсан юм.

Алтай сумын хувьд өнгөрсөн оны 11 дүгээр сард үргэлжилэн орсон цаснаас улмаас нийт нутгаар хүйтний эрч чангарч, зудын байдалтай болжээ.

Өнөөдрийн байдлаар тус сумын 42 өрхийн 11717 толгой мал өөр сум, аймгийн нутагт отроор өвөлжиж байгаа бол хилийн зурвас газарт 81 өрхийн 63479 толгой мал, улсын тусгай хамгаалалттай газар нутагт 56 өрхийн 19180 толгой мал өвөлжиж байна.

Иймд тус сумын удирдлагууд хөнгөлөлттэй нөхцөлөөр өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх, малчдыг эргэх, эрэн хайх дуудлага зориулан гаргасан 3,2 сая төгрөгийн өр үүссэнийг шийдвэрлэх, сумын Засаг даргын ажлын албанд туулах чадвар сайтай машин техник байхгүй учир шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд уламжиллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top