1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Завхан, Сэлэнгэ аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 4-9 м/с, нутгийн зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Хэрлэн голын хөндийгөөр -21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -15-20 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар -3-8 градус, бусад нутгаар -11-16 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 3-8 м/с, -16-18 градус хүйтэн байна
Төлөв байдал: 19-ний өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-ний өдөр нутгийн зарим газраар, 22-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 19, 20-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар, 22-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 19-ний өдрөөс нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -38-43 градус, өдөртөө -26-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -34-39 градус, өдөртөө -22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -21-26 градус, өдөртөө -13-18 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө -25-30 градус, өдөртөө -18-23 градус, бусад нутгаар шөнөдөө -29-34 градус, өдөртөө -21-26 градус хүйтэн байна.
2. Гал түймэр:
– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг 29 дүгээр хороо “Драгон” төвийн зүүн талд зорчигч тээврийн автобус шатаж байна гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 09:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиход “Юутонг ZK6120” загварын автобусын хянах самбарын хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Дорноговь аймаг, Замын-Үүд сумын хилийн бүс нутагт “Борхойн тал” гэдэг газар Галт тэрэгний зүтгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 21:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид очиход Улаанбаатар төмөр замын харьяа Сайншанд өртөөний Татах хэсгийн /ачааны гал тэрэг/-ийн хөдөлгүүрийн хэсгээс утаа уугьж байсныг 8 минут ажиллаж аюулгүй болгосон.
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд Нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 17:27 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид очиход тус тоотод иргэн О-ын 6х15 метрийн хэмжээтэй 2 давхар нийтийн байрны дээвэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүрэг 4 дүгээр хороонд Хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 00:49 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиход тус байрны гаднах хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Булган аймаг, Рашаант сумын Улааншивээт багийн Сансар хорооллын гудамжинд 01.17-ны өдрийн 20:30 цагийн орчим 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 22:33 цагт хүлээн авсан. Иргэн Ц-ийн 5 ханатай гэр, эд хогшил шатсаныг тус сумын мэргэжлийн ангийнхан 10 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг Рашаант сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Ихэр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 80 км-т, сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ 01.17-ны өдрийн 16:30 цагийн орчим бага насны хүүхэд малаа хотлуулах гэж гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:12 цагт хүлээн авсан. Түргэн сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, ар гэрийнхэнтэй иргэн Б /6 настай, эрэгтэй/-ийг 20:40 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Хүч нэмэгдүүлэн ажиллахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулж, 01.18-ны өдрийн 03:00 цагт гэрээс нь баруун урд зүгт 25 км-т Баянхайрхан багийн “Индэрт” гэдэг газраас тухайн хүүхдийг төөрсөн явж байхад нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Хүүхдийн биеийн байдал хэвийн байна.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын “Цэцээ гүн”-ийн оргил гэдэг газар 01.17-ны өдрийн 11:00 цагийн орчим иргэн Г Улаанбаатар хотоос Төв аймгийн Зуунмод суманд замын унаагаар очоод Зуунмод сумаас Богд хан уулын “Цэцээ гүн” оргилын чиглэлд алхалт хийсэн бөгөөд охин У руу утсаар холбогдсоноос хойш сураггүй болсон тухай дуудлагыг 01.17-ны өдрийн 23:58 цагт хүлээн авсан. Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид “Манзуширын хийд” гэдэг газраас, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 02:01 цагт “Төр хурхын-Ам” гэдэг газраас нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Г /57 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад 01.18-ны өдрийн 05:17 цагт тухайн иргэн төөрч “Скай ресорт” цанын бааз дээр өөрөө эсэн мэнд ирсэн тухай ар гэрийнхэнтэйгээ утсаар ярьж мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.
4. Цас шаварт суусан: Өвөрхангай аймгийн, Хархорин сум Шанх багийн “Хавцалын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км-т сумын төвөөс баруун урд зүгт 48 км-т/ Суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.18-ны өдрийн 04:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Д-ийн “Тоёота ландкруйзер 200” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 15 минут ажиллаж татан гаргасан.
5. Бусад төрлийн осол /ажиллагаа/: Төв аймгийн, Мөнгөнморьт сум Байдлаг багийн “Дархан ноён” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 164 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т, Хүүхдийн бие өвдсөн тухай дуудлаганд явсан нийслэлийн Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн түргэний автомашин цасанд боогдож, цааш явах боломжгүй болсон тул туулах чадвар сайтай автомашинаар дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 01.17-ны өдрийн 15:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид, Эрүүл мэндийн төвийн эмч нар очиж, Багануур дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч Н /11 настай, эмэгтэй/-ийг хөдөө гэрээс нь тээвэрлэн авчирч дүүргийн Эрүүл мэндийн төвд 21:05 цагт хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР