Үндэсний аудитын газраас Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт, үр нөлөө, үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитыг ЗГ, ЗГХЭГ, УОК, СЯ, ЭМЯ, МХЕГ, ЦЕГ, ОБЕГ, дүүрэг, өрхийн ЭМТ-ийг хамруулан хийсэн бөгөөд Улсын Онцгой комиссоос аудитаар баталгаажсан тайланг олон нийтэд танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газрын дээрх хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд зориулж 2020 онд 4,402.1 тэрбум, 2021 онд 5,164.9 тэрбум, 2022 онд 1,634.7 тэрбум, нийт 11,201.7 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Үүнээс эдийн засгийг идэвхжүүлэхэд 37.9, ажлын байрыг хамгаалахад 12.5, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад 13.2, иргэдийн орлогыг хамгаалахад 36.4 хувийг нь зарцуулжээ.
Тухайлбал, иргэдийн орлогыг хамгаалахад: 2020-2021 онд 2.6 их наяд төгрөгийг зарцуулсаны 2 тэрбум 167,6 сая төгрөгийг хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэхэд, халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 273.5 тэрбум, малчин айл өрхөд ноосны урамшуулал олгоход 174.9 тэрбум, хүнсний талоны үнийг дүнг нэмэгдүүлэхэд 20.0 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан.
Харин Иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад зарцуулсан 1.2 их наяд төгрөгийг задалбал эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээнүүдэд 1,010.5 тэрбум, дархлаажуулалтын аянд 111.7 тэрбум, ЗГНС, ЗДНС-аас бэлэн байдлыг хангуулахад 39.9 тэрбум, ЕБС, цэцэрлэгт ашиглагдах хүнсний материалыг зорилтот бүлэгт тараахад 1,165.8 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ.
Мөн цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэхэд зарцуулсан 4.4 их наяд төгрөгийг задалбал: төсвийн орлогын тасалдлыг гадаад эх үүсвэрээс нөхөж санхүүжүүлэхэд 2,126.0 тэрбум, цахилгаан, дулаан, ус, хог хяагдлын төлбөрийг чөлөөлөхөд 1,036.8 тэрбум, хатуу хөл хорио үед иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг олгоход 997.9 тэрбум, хүнсний болон эм, эмнэлгийн хэрэгслийг гаалийн албан татвар, импортын барааны НӨАТ-с чөлөөлөхөд 202.6 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ.
Цар тахлын үед 2020-2021 онд авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээ 2022 онд үргэлжлүүлсэн. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих нийгмийн хамгааллын зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 167 дугаар тогтоолын дагуу хүүхдийн мөнгөн тэтгэмжид 1,169.4 тэрбум төгрөг, нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж сар бүр 288.0 мянган төгрөг олгох болсонтой холбогдуулан 83.2 тэрбум төгрөг, коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед айл өрхөд дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газрын 2021.12.31-ний өдрийн 410 дугаар тогтоолын дагуу тодорхой шаардлагыг хангасан айл өрхийн цахилгаан, эрчим хүчний зардлыг 2022.05.31-ний өдрийг хүртэл төр хариуцах болсонтой холбогдуулан 70.3 тэрбум төгрөгийн зардал тус тус гарсан байна.
Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Дөрвөн удаагийн хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоосон. Хөл хорио тогтоож, иргэдээ вакцинд шуурхай хамруулаагүй бол хамгийн багадаа 2.3 сая хүн халдвар авч, 20-40 мянган хүн нас барах байсан. Хувийн хэвшлийн 240 мянган ажлын байрыг хадгалж, 72 мянган ажлын байр шинээр бий болсон. 2021-2022 онд улсын төсвийн болон ЭМДС-ийн эрсдэлийн сангийн хөрөнгө оруулалтаар хүчил төрөгчийн 26 жижиг үйлдвэрийг ашиглалтад оруулсан. PCR шинжилгээний 30 лабораторитой болсон” гэлээ.