Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд ослын үеийн удирдлагын системийг нэвтрүүлэх, алба хаагчдыг сургаж дадлагажуулах, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилгоор шат дараалсан сургалтыг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Ойн албатай хамтран зохион байгуулж байгаа “Онцгой байдлын ажиллагааны шуурхай удирдлагын төв” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ.
Сургалтыг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, АНУ-ын Ойн албаны сургалтын багийн ахлагч Майкл Коннолли нар нээж, амжилт хүслээ.
Сургалтад Төрийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах, тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд, Гамшгаас хамгаалах улсын албадын удирдах бүрэлдэхүүн хамрагдаж байна. Тус сургалт нь оролцогчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, Онцгой байдлын ажиллагааны шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагааны талаар мэдлэг олгож, чадавхжуулах зорилготой юм.
Сургалт хоёр өдөр үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.