Дэлхийн иргэний хамгаалалтын өдөр өчигдөр тохиолоо. Энэ өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлж байгаа талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Ариунбуянгаас зарим зүйлийг тодрууллаа.
-Дэлхийн Иргэний хамгаалалтын өдрийг ямар зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг юм бэ?
-Энэ өдрийг тэмдэглэдэг гол зорилго бол хүн ам, хүрээлэн байгаа орчин, эд хөрөнгө, байгаль орчныг хамгаалах, иргэдийн гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх явдал юм. Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага нь гамшгийн үед улс орнуудад хувь нэмэр оруулах зорилготой Засгийн газар хоорондын байгууллага байдаг. Тус байгууллагын эх үүсвэр анх 1931 онд тавигдаж, 1972 оны гуравдугаар сарын 1-нд байгуулагдсан түүхтэй. Монгол Улс 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 онд жинхэнэ гишүүнээр элсэж, 2011 онд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн улс болсон. Энэ жилийн хувьд Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагаас дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг “Иргэний хамгаалалт ба мэдээллийн шинэ технологиуд” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх уриаг дэвшүүлсэн.
-Уриалгын хүрээнд ямар ажлуудыг хийж байна вэ?
-Зөвхөн нэг өдөр тэмдэглээд өнгөрөх асуудал биш. Бид Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагынхаа энэ жилийн зорилго, зорилттой уялдуулан олон улсын байгууллагаас дэвшүүлсэн уриан дор гамшгийн эрсдэлийг бууруулахад шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглаж ажиллах болно. Өнөө үед байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүссэн гамшигтай тэмцэх нь шинжлэх ухаан, технологийн салбарт тулгамдаж буй хамгийн том сорилтуудын нэг болоод байна.
Шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглаж чадвал гамшгийн эрсдэлийг бууруулах бүрэн боломжтой. Газар хөдлөлт, хар салхи болно гэдгийг урьдчилан таамаглаж чадахгүй ч эдгээрийн хор уршгийг бууруулах, урьдчилан сэргийлж чадна. Сүүлийн жилүүдэд аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж буурахгүй иргэд ч олноороо өртөж байна.
“Дэлхийн зөн Монгол” ОУБ-тай хамтран “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд бэлтгэсэн сургагч багш нараар дамжуулан гамшгийн эрсдэлийг бууруулах олон нийтийн мэдлэг чадавхийг нэмэгдүүлэх, өрхийн бэлэн байдлыг хангах, иргэдрүүхандсан мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, онлайн сургалт явуулах, иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэх зорилгоор www.ontsgoisur.gov.mn цахим хуудсыг шинээр нээн ажиллуулж байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин