1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос 4-9 м/с, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр -25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -19-24 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8-13 градус, бусад нутгаар -14-19 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Цас орохгүй. Салхи баруун хойноос 2-7 м/с, -17-19 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 28-ны өдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-ний өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-ны өдөр Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Хүйтний эрч эрс суларч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -31-36 градус, өдөртөө -20-25 градус, Увс нуурын хотгор, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -26-31 градус, өдөртөө -13-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -12-17 градус, өдөртөө -1-6 градус, бусад нутгаар шөнөдөө -19-24 градус, өдөртөө -8-13 градус хүйтэн байна.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн задгай сүүдрэвч шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 07:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ын 4х7 метрийн хэмжээтэй сүүдрэвч дотор хураасан дахин боловсруулах хог хаягдал шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 09:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 15:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-ийн 5х9 метрийн хэмжээтэй байшингийн хана шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчины 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 16:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 4×6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Төвийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 22:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын 3×4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Б/58 настай, эрэгтэй/,С /44 настай, эмэгтэй/, нэр нас, харьяалал нь тодорхойгүй /60 орчим настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан бөгөөд иргэн Д /47 настай, эрэгтэй/ нүүр, гар хэсгээрээ түлэгдэж, бэртсэн тул нийслэлийн ЯТТТ-ийн эмчид болон тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, 7 буудалын автобусны эцсийн буудал түргэн үйлчилгээний цэг шатаж байна гэсэн дуудлагыг 01.26-ны өдрийн 00:10 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын 4×6 метрийн хэмжээтэй байшингийн дотор хана, таазны хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багийн Майхан-Овоо-гийн 2 дугаар гудамжинд иргэн Н гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 01.23-ны өдрийн 11:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Н /47 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ийг 01.25-ны өдрийн 09:48 цагаас мөн өдрийн 18:26 цаг хүртэл тус сумын Олон-Овоо багийн Тарималын-Овоо, Баян-Уул гэдэг газарт 15-20 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. 01.26-ны өдрийн 10:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.
Бусад төрлийн осол /ажиллагаа/ – Бусад: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг баг дахь Вагоноос нүүрс буулгаж байсан 1 хүн нүүрсэнд дарагдсан тухай дуудлагыг 01.25-ны 09:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход дулааны станцын нүүрс буулгах хэсгийн бункерт Б /36 настай, эрэгтэй/ вагоноос нүүрс буулгах явцдаа нүүрсэнд дарагдсан байсныг эсэн мэнд гаргаж, сумын Нэгдсэн эмнэлгийн эмчид хүлээлгэн өгсөн. /Тухайн ажилтаны биеийн байдал хэвийн байна./
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР