Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Ойн албатай хамтран “Онцгой байдлын ажиллагааны шуурхай удирдлагын төв” сэдэвт сургалтыг энэ сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулж, сургалтад хамрагдсан удирдах бүрэлдэхүүн гэрчилгээгээ гардан авлаа.
АНУ-ын Ойн албаны сургагч багш нар удирдан явуулсан тус сургалтад төрийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах, тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд, Гамшгаас хамгаалах улсын албадын удирдах бүрэлдэхүүний 40 орчим алба хаагч хамрагдсан юм.
Онцгой байдлын байгууллагаас ослын үеийн удирдлагын тогтолцоог 2012 оноос хойш үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг бүхий Улсын Онцгой комиссын Шуурхай штаб нь энэ системээр үүрэг гүйцэтгэсэн юм.
Анх 1970 онд АНУ-д тохиолдсон ой, хээрийн түймрийг унтраах ажиллагааны үеэр энэхүү системийг боловсруулснаас хойш дэлхийн улс орнууд үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, тогтсон нэг стандарт, удирдлагын зохицуулалттайгаар үүссэн нөхцөл байдлыг богино хугацаанд зохион байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.